Н.Батбаяр: Би огцрох өргөдөл өгөхгүй

img

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг тавиад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг  чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх байсан боловч АН-ын бүлэг завсарлага авсан билээ. Харин өнөөдөр ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр өөрөө огцрох хүсэлтээ мэдэгдэхээр болсон тухай "шум" өнөөдөр Төрийн ордонд тархсан тул энэ талаар түүнээс тодруулснаа хүргэж байна.

5

- Таныг огцруулах асуудал яригдаад сар гаруйн хугацаа өнгөрлөө. МАН-ын гаргасан огцруулах үндэслэлийг та хэр бодитой гэж харж байгаа вэ?

- Өнөөдөр их билэг дэмбэрэлтэй сайхан өдөр байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хөрөнгө оруулалтын  асуудлаар Азийн хөгжлийн банктай их том гэрээнд гарын үсэг зурлаа. Нийтдээ 300 сая долларын гэрээ юм. Сөрөг хүчний зүгээс огцруулах асуудлыг хөндөн тавьсан байгаа хуулийнхаа дагуу шийдэгдэх ёстой. Тэгэх ч биз. Маш олон ажлуудыг хийгээд явж байна. Сайдын хувьд хүлээгдсэн ажлуудаа ямар ч нөхцөлд хийгээд явах ёстой. Цаашдаа ч ажил явагдана.

6

-Сөрөг хүчнээс гаргасан үндэслэлийг хүлээж авах уу. Эдийн засаг үнэхээр хүнд байна шүү дээ? Цаашид ямар ажлууд хийгдэх юм бэ?

- Эдийн засагт сайн ч юм бий. Саар ч юм бий. Эдийн засгийн сайн талууд гэвэл та бүхэн мэдэж байгаа. Их хэмжээний бүтээн байгуулалтууд хийгдэж байгааг та бүхэн харж байгаа биз дээ. Зам, барилга, Улаанбаатар хот, хөдөө орон нутгаа хар. Ингээд үзвэл сайн зүйл их бий. Валютын ханшийн өсөлттэй холбоотой саар зүйл ч байгаа. Нэг үеэ бодвол бидний хэрэгцээ том болчихож. Харамсалтай нь дэлхийн зах зэл дээр түүхий эдийн үнэ ханш буурснаас, мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэмжээ буурсантай холбогдуулаад валютын тодорхой хэмжээний хомсдол үүссэн. Үүн дээр дөрөөлсөн үнийн өсөлт байгаа. Гэхдээ үүнийг шийдэх ёстой. Шийдэхийн тулд дараа, дараагийнхаа Оюутолгойг бий болгох ёстой юм. "Талын зам" хөтөлбөрийн хүрээнд таван шугам хоолойг холбох ажил эхэлсэн нь тус бүрдээ таван Оюутолгой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ ажлуудыг хийгээд ирвэл хүндрэлтэй асуудлууд өргөс авсан мэт арилах нөхцөл бүрдэх юм. Мэдээж ажил хийж байгаа хүн алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ололт амжилтаа бататгаж, алдаагаа засч урагш харж явах ёстой. Эцсийн дүндээ цөөхөн монголчууд эвтэй байж өнөөгийн нөхцөлд байдалд дүгнэлт хийгээд хөгжлийнхөө төлөө хамтдаа хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

6

-Долларын ханш буурах уу?

- Долларын ханш буурна. Бууруулахын тулд талын зам, хийн хоолой гэх мэт ажлуудаа хийх ёстой. Ингэснээр гадны хөрөнгө оруулалт оронгуут валютын нөөц нэмэгдэх юм.

7

-Эдийн засгийн хүндрэлээс болж ард иргэдийн амьдрал туйлдаж байна. Та улс төрийн зориг гаргаад ажлаа өгчихгүй юм уу?

-Би өөрийгөө ажлаа хийж чадахгүй байна гэж үзээд огцрох өргөдөл өгөхгүй. Намайг буруу зүйл хийсэн гэж үзээд УИХ огцруулбал тэр нь бүрэн эрхийнх нь асуудал. Би улс төрд 20 гаруй жил зүтгэж байна. Энэ ч үүднээсээ улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна. Оруулж ч ирсэн. Түүнээс хэн нэгний дайрсан үйлдлийг өөгшүүлэхгүй. Эцсийн эцэст үнэн ялна. Хэн ажил хийж байгаа нь хүмүүсийн хэл аманд өртдөг. Та бүхэн харж байна. Монголд улсад орон сууцны моргейжийн зээл бий болоосой гэж ард түмэн олон жил хүлээсэн. Бид орон сууцны зээлийг хөтөлбөрийг гаргаж чадсан уу чадсан ш дээ. Олон замыг ашиглалтад орууллаа. ТЭЦ 3 ашиглалтад орууллаа. Богино хугацаанд бид тэдгээрийг ашиглалтад оруулсан. Учир нь бидэнд мөнгө нь байсан учраас богино хугацаанд амжуулсан юм. Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад орлоо. Түүнд Чингис бондын мөнгө орсон байгаа. Энэ жил дөрөвдүгээр цахилгаан станц болон Амгалан дулааны станцыг ашиглалтад оруулах гэж байна. Бодитой ажлууд хийгдэж байна. Бид алдаагаа засаад цааш явах хэрэгтэй. Тийм ч учраас бид цаашид үр ашигтай, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан гэрээнүүдийг хийгээд байна.

7

-Чингис бондын зарцуулалттай холбоотойгоор Хөгжлийн банкны болон Гудамж төслийн захиралд хэрэг үүсгэжээ. Таныг АТГ-ас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч байна. Энэ үнэн үү?

- Надад хэрэг үүсгээгүй. Учир нь би хууль зөрчиж, хулгай хийгээгүй. Тийм учраас тайван байж болно.

7

-Та толгойд төрсөн бодлоо цаасан дээр буугаагүй байхад ингэж ярьдагаа хэзээ болих вэ?

-Аливаа зүйл хүний оюун санаанд орж ирдэг юм. Дараа нь албан бичиг баримтад тусдаг. Эцэст нь ажил болж бүтдэг юм. Энэ бол хорвоогийн жам. Талын зам хэсэг хугацааны өмнө мөрөөдөл байсан. Одоо бодитой ажил хэрэг болох гээд явж байна шүү дээ.

7

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ