Хаалгачийн алдаа, автогоол Нигерийг нутаг буцаалаа

img

Дэлхийн аваргын 1/8 шигшээд Африк тивийн аварга Нигерийн шигшээ баг 1998 оны дэлхийн аварга Дидье Дешамын удирдсан Францын шигшээтэй тэнцүүхэн тоглосон ч өөрсдийн алдаа болон автогоолоосоо болж тэмцээнээс хасагдлаа. Тоглолтын өмнөх хэдэн өдөр Нигерийн шигшээ багийн хөлбөмбөгчид Хөлбөмбөгийн холбооноосоо дэлхийн аваргад оролцож буй урамшуулал мөнгөө авахыг шаардсан юм. Шаардлагын эцэст Нигерийн хөлбөмбөгчид мөнгөө авч, улмаар бэлтгэлээ базаасан ч тоглолтын сүүлчийн 10 минутад сэтгэлээр унаж, үлбэгэр тоглолт үзүүлснийхээ шанг хүртлээ.

1

Харин өмнөх дэлхийн аваргад тамирчид нь дасгалжуулагчтайгаа муудалцаж, мөн л бэлтгэлээ хийхээс татгалзан дэлхий даяар гутамшгаа тарьсан Францын шигшээ Самир Насриг гэрт нь үлдээж, Франк Рибериг гэмтлийн улмаас алдсан ч гэсэн хэсгээсээ нэгээр гарч, улмаар хасагдах шатны эхний тоглолтдоо гоол алдалгүй 2:0-ээр Нигерийг буулган авлаа.

1

Тоглолтын эхний үед хоёр баг тун тэнцүүхэн тоглосон. Ахмед Мусагийн дамжуулалтаар Эминеке гоол оруулсан ч шүүгч отон тоглолтод орсныг нь зөв тогтоосон юм. Францын хөлбөмбөгчид Нигерийнхний эсрэг байн байн ширүүн тоглож, хэд хэдэн удаа бүдүүлэг алдаа гаргасан ч шүүгч улаан хуудас өгөлгүй өнгөрсөн. Ялангуяа Оназигийн хөл рүү Матюиди жийж орсноор бараг хугалчих шахсан ч шүүгч дөнгөж шар хуудсаар торгоод өнгөрсөн юм. Мөн Бензема өрсөлдөгчөө илт санаатайгаар тохойлдсоныг шүүгч анзааралгүй өнгөрөөсөн.

1

Тоглолтын хоёрдугаар үеийн сүүлч рүү Францын шигшээ багийн довтолгоо хүчтэй болж, ээлж дараалсан булангийн цохилтууд ирсээр байлаа. Вальбуэнагийн булангаас дамжуулсан бөмбөгийг Нигерийн туршлагатай хаалгач Эньяма хатгах гэж хаалгаа хаяж гараад дөнгөж хурууныхаа үзүүрийг хүргэж чадсан нь Поль Погбад хаалга руу чөлөөтэй мөргөж, гоол оруулах боломжийг олгосон юм.

1

Францын залуу од гэгдэж буй Поль Погба ийнхүү дэлхийн аваргад эхний гоолоо орууллаа. Үүний дараагаар Нигерийн шигшээ тун идэвх муутай, үлбэгэр тоглолт үзүүлж эхлэв. Тэд дараагийн шатанд үлдэхийн төлөө, тэнцэхийн тулд довтлохын оронд удаан хөдөлж, санаачлагыг гартаа авахыг ч хичээсэнгүй. Эцэстээ тоглолтын турш Нигериэс хамгийн хөдөлгөөнтэй, идэвхтэй тоглосон Одемвинге нүүрний булангаар бөмбөг гаргаж, булангийн цохилтыг хийлгэх болсноор тэндээс Вальбуэна өрсөлдөгчөө хууран гарч ирээд хөндлөн дамжуулалт өгсөнд Гризманн хүрэлгүй өнгөрсөн ч, Нигерийн хамгаалагч Йобо өөрийнхөө хаалганд оруулчихав.

1

Ийнхүү Дешамын баг 2:0-ээр хожсноор шөвгийн наймд шалгаран үлдээд байна. Тоглолтын шилдэг хөлбөмбөгчөөр Поль Погбаг нэрлэжээ.

1

Франц – Нигери 2:0

Гоол: Погба 79, Йобо 90+2 (автогоол)

Франц: Льорис, Дебюши, Варан, Косьелни, Эвра,  Кабайе, Погба, Матюиди,  Вальбуэна (Сиссоко, 90+4), Жиру (Гризманн, 63), Бензема

Нигери: Эньяма, Эмброуз, Йобо, Омеруо, Ошанива,  Микель, Онази (Гэбриэл, 59),  Муса, Одемвинги, Мозес (Нвофор, 89), Эменике

Шар хуудас: Матюиди

 1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ