Солонгосчууд шигшээ багаа охидтой адилтгав
Бразилд зохион байгууллагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-д Ази тивийн төлөөллүүд тун хангалтгүй оролцсон билээ. Тэдний нэг Өмнөд Солонгосын шигшээ баг өчигдөр Сан Паулугаас Инчон хотын олон улсын нисэх буудалд газардах үед эсэргүүцэлтэй нүүр тулсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.
Тамирчид хэвлэлийн хурал хийж байх үед танхимд байсан хүмүүс тэдэн рүү зөөлөн чихэр шидэж “Муусайн охидууд”, “Би ч та нараас илүү тоглоно”, “Солонгосын гутамшиг”, “Солонгосын хөлбөмбөгчид үхээсэй” хэмээн орилолдож байжээ. Зөөлөн чихэр шидэх нь солонгосчуудын хувьд элэглэн шоолж буй нэг хэлбэр аж.
Харин шигшээ багийн дасгалжуулагч Хон Мён Бо “Ард түмнээсээ уучлалт гуйж байна. Биднийг уучлаарай. Солонгосын шигшээ баг хангалтгүй оролцсон бүх хариуцлагыг би хүлээж байна” гэж хэлжээ. Тус улсын хөлбөмбөгийн холбоонд дасгалжуулагч Хон Мён Бо халагдах өргөдлөө өгсөн хэмээн ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Багийн ахлагч И Чу Ён “Биднийг уучлаарай. Та бүхний итгэлийн алдсандаа харамсч байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ