Гал зогсоох гэрээг сунгахгүй

img

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко тус улсын зүүн хязгаарын хотуудад гал зогсоох гэрээг өнөөдрөөр дуусгавар болгож буй тухай “ВВС” агентлаг уламжлав. Тэрбээр “Украин улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, энгийн ард иргэдийн амьдралын аюулгүй байдал нь террорист дайчдын эсрэг зөвхөн хамгаалах бус тэдэнтэй дайтахыг биднээс шаардаж байгаа учир гал зогсоох гэрээг сунгахгүй. Энэ тухай Украины арми, Улсын хил хамгаалах алба, Аюулгүй байдлын алба холбогдох тушаалыг хүлээн авсан” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Өнөөдрөөс эхэлж гал зогсоох гэрээ дуусгавар боллоо. Дахин энэхүү гэрээг сунгахгүй. Би ард түмэндээ аюул учруулах гэрээнд хэзээ ч гарын үсэг зурахгүй. Газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах зорилтоо хэрэгжүүлэх явдал цаашид гал зогсоох дэглэмээр хязгаарлагдахгүй бөгөөд бид армийн хүчээр өөрийн газар нутгаа чөлөөлөх болно” гэсэн байна.

Тус улсын Ерөнхий сайдын үүрэг Арсений Яценьюк “Гал зогсоох гэрээг сунгах нь энгийн иргэдийн хувьд аюултай. Ганцхан долоо хоногийн хугацаатай гал зогсоох гэрээг үзэглэхэд хүчирхийлэл улам их газар авч, Украины армийн 22 дайчин, энгийн 14 иргэн амиа алдлаа. Босогчид энэхүү гэрээг үл хүндэтгэж буй нь улс оронд минь аюул учруулж байна” хэмээжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ