Алжирийн баг өшөөгөө авч чадаагүй ч германчуудыг сандаргалаа
Германы шигшээ баг нэмэлт цагт хоёр гоол оруулж, нэгийг алдснаар шөвгийн наймд шалгаран үлдлээ. Дэлхийн аваргын хасагдах шатанд сул баг огт үлддэггүй гэдгийг Алжирийн шигшээ харуулж, германчуудыг багагүй сандаргаж чадлаа. 1982 оны дэлхийн аваргаар Германы шигшээ хөрш Австрийн багтайгаа “найраа” хийж, Алжирийг хэсэгт нь үлдээж байсан түүх бий. “Хихоны гутамшигт явдал” хэмээн нэрлэгдсэн тэрхүү “найраа”-ны өшөөг Алжирийн баг авч чадах эсэх нь олны сонирхлыг татаж байсан ч Африкийн багт итгэсэн нь цөөн биз ээ.
1
Алжирийн шигшээ багийн дасгалжуулагч Германы эсрэг тоглох бүрэлдэхүүнээ зарлахад л шуугиан үүсэх нь тэр. Учир нь Халилхожич багийнхаа төвийн хоёр хагас хамгаалагч Межани-Бенталеб нарын суулгасан байлаа. Гэлээ ч Халилхожичийн баг эхний минутаас эхлэн эрч хүчтэй, эрмэлзлэл сайтай тоглож улмаар Германы багийг байн байн сандаргаж эхэлсэн юм. Германы шигшээгийн хамгаалалт удаан хөдөлгөөнтэй тул хурдан довтолгоогоор барьц алдуулах тактикийг Халилхожич хэрэглэсэн нь үр дүнгээ өгөх тун шахсан.
1
Фегули-Судани -Слиманигийн довтолгооны гурвал Мертезакерийг байн байн шалгаж, алдаа гаргуулах шахаж байлаа. Тиймээс ч эхний 20 минутад Африкийн баг аюултай довтолгоо олныг хийж чадсан. Харин нэгдүгээр үеийн төгсгөлд Алжирийн хаалгач Мболигийн ажил нэмэгдэж, хэдхэн секундын дотор Кроос, Гетце нарын аюултай цохилтыг хаасан. Гэлээ ч эхний үед Алжирийн шигшээ тактикийн дагуу сайн тоглосон юм.
1
Хоёрдугаар үеийг германчууд хэд хэдэн аюултай довтолгоогоор эхэлсэн ч алжирчууд хойш сууж, зөвхөн хамгаалах гэсэнгүй. Африкийн багийнхны сүүлчийн дамжуулалт, төгсгөлийн цохилт л амжилттай болсон бол Лёвийн багийнхан тун хүндхэн байдалд орох дөхөөд байлаа.
1
Үндсэн цагийн төгсгөл рүү германчууд сэтгэл санаагаар үргэлж түргэн сэргэж чаддаг гэдгээ харуулж, сүүлийн арван минутад аюултай довтолгоо олныг хийсэн. Энэ нь алжирчуудыг айлгаж, улмаар хамгаалалтандаа шигдэхэд хүргэлээ. Гэлээ ч үндсэн цаг дуусч, нэмэлт хоёр үе сунгалаа.
1
Нэмэлт үе эхэлмэгц Мюллер Шюррлед гоол оруулах бүхий л боломжийг нь бэлдэж өгснөөр “Челси”-гийн хагас хамгаалагч өсгийгөөрөө хоосон хаалганд гоол оруулсан.
Гоол алдсны дараагаар Алжирийн баг бууж өгөхийг хүсэлгүй, довтлохыг чармайж байлаа. Гэвч германчууд гоол оруулснаар илт сэргэсэн тул тэднийг зогсоох маш хэцүү болсон байв. Нэмэлт цагийн төгсгөлд Озил тоог 2:0 болгож, бүхнийг шийдчих шиг болсон ч бүх найдвараа алдчихаад байсан алжир хариу гоолыг тун хурдан оруулснаар үзэгчдийг сэргээж өгсөн. “Цөлийн үнэгнүүд” хэдийгээр 1982 оны өшөөгөө авч чадаагүй ч гэсэн Германы машиныг чичрүүлж чадсан. Харин Германы шигшээ тоглолтын шүгэл дуугарахаас өмнө хожчихсон гэж бодож болдоггүй энэ тоглолтоор ойлгосон биз ээ.
1
Герман - Алжир 2:1
Гоол: Шюррле 92, Озил 120 — Жабу 120+1
Герман: Нойер, Мустафи (Хедира, 70), Мертезакер, Боатенг, Хеведес, Швайнштайгер (Крамер, 109), Лам, Кроос, Озил, Мюллер, Гетце (Шюррле, 46)
Алжир: Мболи, Мостефа, Белькалем, Аллиш (Браими, 97), Манди, Ласен, Фегули, Гулам, Таидер (Браими, 78), Слимани, Судани (Жабу, 100)
Шар хуудас: Лам — Аллиш
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ