Итали буяны байгууллага биш
Италийн эргийн хамгаалалтын албаныхан 30 гаруй цогцос тээсэн загас агнуурын хөлөг живж байхад нь аварсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус хөлөг Хойд Африкаас Сицил рүү явж байжээ.
Италийн тэнгисийн цэргийн албанаас “Хөлөг ойролцоогоор 590 орчим зорчигчтой байсан. Амиа алдсан зорчигчдын ихэнх нь нэг төрлийн халдвар туссан байсан нь илэрсэн. Тэдний дунд 8-9 сартай хоёр жирэмсэн эх байжээ. Аврагчид 200 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ” гэж мэдээлжээ.
Тус улсын Ерөнхий сайд Маттео Рензи “Италийн өмнөд нутгаар дайрч өнгөрсөн цагаачдын завь осолдож живсэн тохиолдолд манай улс аврах ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдье. Итали буяны байгууллага биш” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн сард Италийн эргийн хамгаалалтын алба тус улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан 1600 орчим цагаачийг барьсан билээ. Энэ он гараад 60 гаруй мянган цагаач иргэн тус улсын өмнөд нутгаар орж ирсэн гэж Италийн Засгийн газраас мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ