Месси, Ди Мариягийн хослол Аргентинийг шөвгийн наймд хүргэлээ
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхэлснээс хойш ширүүн тэмцлүүд өрнөж, багууд амьсгаа дээртэй, асгарсан нулимстайгаар тоглолтуудыг өндөрлүүлсээр байна. Урд шөнө дэлхийн хошой аварга Аргентиний шигшээ баг Швейцарьтай 118 минутын турш гоолгүй тэнцэж, пенальти цохиход хоёрхон минут үлдээд байхад Мессигийн дамжуулалтаар Анхель Ди Мария хожлын гоолыг оруулж, элэг нэгтнүүд болон хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Харин Швейцарийн шигшээ багт аз сорьсон пенальти хүртэл ердөө хоёрхон минут л дутав.
1
Тоглолтын эхний үед хоёр баг тэнцүүхэн тоглосон ч хоёрдугаар үеэс Аргентиний баг санаачлагыг авч, удаа дараалан довтолж эхэлсэн. Гэлээ ч Швейцарийн хамгаалалт Месси болон Анхель Ди Мария нарын өндөр ур чадвартай хөлбөмбөгчдийг тогтоож чадаад байв.
Аргентиний хаалгач Ромеро өмнөөс нь гарсан Дрмич болон бөмбөгийн зайг буруу тооцоолж, урагш гараагүйгээсээ болж алдаа гаргах дөхсөн. Гэвч швейцарь довтлогч дээгүүр өлгөж гоол оруулах гэж хичээгээд Ромерогийн гарт нь бөмбөгийг өгчихсөн юм.
Мессиг хоёр тоглогч зэрэгцэн “барьсан” ч үе үе сугарч, аюул тарьсаар байв. Харин Ди Мария тоглолтын турш хамгийн идэвхтэй гүйж тоглосон нь эцэстээ шагнуулсан юм. Үндсэн цагт 0:0-ээр хоёр баг тэнцсэн тул нэмэлт хоёр үе сунгасан. Нэмэлт хоёрдугаар үеийн төгсгөлд Швейцарийнхан талбайн төв орчимд бөмбөгөө хэт удаан барьсны улмаас алдаж, Месси нэг тоглогчийг хууран торгуулийн талбайд ойртонгуутаа баруун жигүүрт суларсан Ди Марияд дамжуулалт өгснийг, “Реал”-ын хагас хамгаалагч хаалгачийн алсын буланд оновчтой цохьж гоол оруулсан. Ийнхүү Месси болон түүний нөхдийн дэлхийн аварга болох мөрөөдөл биеллээ олоход дахин нэг алхам ойртлоо.
1
Гэхдээ тоглолтын сүүлчийн шахам минутад швейцарьчууд гоол алдсан ч гэсэн хариу аюултай довтолгоо хийж, аргентинчуудын зүрхийг зогсоох тун шахсан. Шакиригийн дамжуулалтаар Жемаили мөргөсөн нь шон онож, эргээд швейцарь хөлбөмбөгчийн хөлд ойн хаалганы яг хажуугаар өнгөрсөн юм.
1
Үүний дараагаар Шакири хаалттай цохилтыг 17 метрийн зайнаас гүйцэтгэхдээ тоог тэнцүүлж, улмаар пенальтид хүргэж болох байсан ч цохьсон бөмбөг нь ханыг давсангүй. Ийнхүү бүтэн 118 минутын турш сайн хамгаалж тоглосон Швейцарийн баг нутгаа зорьж, харин Аргентиний шигшээ тэмцлээ үргэлжүүлэхээр үлдлээ.
1
Швейцарийн шигшээг энэ удаагийн дэлхийн аваргад сойсон герман мэргэжилтэн Оттмар Хитцфельд энэ тоглолтын дараагаар дасгалжуулагчийн замналаа өндөрлүүлж буйгаа хэлсэн байна. Аргентинтай хийх тоглолтоос нэг хоногийн өмнө Хитцфельдийн төрсөн ах нь өөд болсон тухай мэдээлэл ирсэн ч тэрбээр мэргэжлийн дасгалжуулагчийн хувиар багаа маш зөв удирдаж, Аргентины хүчтэй багийн эсрэг зөв тактикаар сайн тоглуулж чадсан.
1
Аргентин-Швейцарийн тоглолтын шилдэг хөлбөмбөгчөөр дэлхийн дөрвөн удаагийн шилдгээр нэрлэгдсэн Лионель Месси нэрлэгджээ. Харин Анхель Ди Мариягийн оруулсан гоол дэлхийн аваргын түүхэн дэх Аргентиний шигшээ багийн хамгийн хожуу оруулсан гоол болон бичигджээ.
1
Аргентин – Швейцарь 1:0
Гоол: Ди Мария 118.
Аргентин: Ромеро, Сабалета, Гарай, Фернандес, Рохо (Басанта, 105), Машерано, Гаго (Биглия, 106), Ди Мария, Месси, Игуаин, Лавесси (Паласио, 74).
Швейцарь: Бенальо, Лихтштайнер, Шер, Журу, Родригес, Бехрами, Инлер, Жака (Фернандес, 66), Шакири, Мехмеди (Жемаили, 113), Дрмич (Сеферович, 82).
Шар хуудас: Жака (36), Фернандес (73), Рохо (90), Ди Мария (120), Гарай (120).
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ