Ардчиллын төлөө жагсав
Хонконгийн төв талбайд хагас сая иргэн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус жагсаалыг Хонконгийн оюутны холбоо зохион байгуулсан аж. Жагсагчид 1997 оны долдугаар сарын 1-ний өдөр Хонконг Хятадын эх газарт эргэн нэгдсэнийг буруутгаж, бие даасан улс болохыг уриалж ийнхүү жагсаал зохион байгуулсан аж. Хонконгийн эрх баригчид энэхүү жагсаалыг тараахын тулд 98 мянган цагдаа, хүчнийхэн, 2000 гаруй сайн дурынхныг дайчилж, 160 орчим жагсагчийг баривчилсан гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт 800 мянган хүнийг оролцуулсан албан бус санал хураалт явуулсан бөгөөд иргэдийн ихэнх нь ирээдүйн удирдагч болох хүнээ Коммунист намаас сонгохгүй байсан нь дээр хэмээжээ. Сонгуулийн эцсийн дүн энэ сарын 22-нд гарна.
Харин Коммунист намаас дээрх санал хураалт хууль бус гэдгийг онцолж, жагсаалаа тараахыг уриалсан байна. Хонконгийн эрх баригчид уг санал хураалтыг зөвшөөрөх ямар ч хуулийн үндэс байхгүй гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ