Х.Баттулга сайдын ой санамжийг эргүүлж авчирья
Өмнөх Засгийн газрын үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан, сүүлийн хоёр жил Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга гэдэг хүний ой санамжийг нэн яаралтай сэргээн засахгүй бол сэтгэцийн асуудал нь намаа, засгаа байтугай улсаа алах хэмжээнд хүндрээд байх шиг байна. Тун саяхан ч Н.Алтанхуягийн танхимаас сайн дураараа “давхар дээлээ” тайлсан ганц хүн нь хэмээн өргөгдөж явсан энэ эрхмийн дотор санаа Монголын бүх телевизээр мөнгө төлж нэвтрүүлсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгээр ил болсон билээ.
7
Зам тээврийн сайдын албыг дөрвөн жил хашихдаа “Төрөөс баримтлах төмөр замын бодлого” гээчийг хүртэл батлуулж явсан сайд гуай өмнөд төмөр замыг нарийн царигаар тавих тухай УИХ-ын тогтоолын төслийг эсэргүүцэж “Засгийн эрхэнд гарсан хужаагийн эрлийзүүд Монгол Улсыг Хятадын эрхшээлд оруулах гэж байна” гэсэн агуулгатай нэвтрүүлгийг “Hero intertainment” студид нэлээд их мөнгө зарж хийлгэсэн билээ. Хэдийгээр уг нэвтрүүлгийн зохиолын Х.Баттулга сайд өөрөө бичсэн гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарласан. Яг л намайг хэн хэлж, нохойг хэн саах юм гэж байгаа юм шиг. Харамсалтай нь тагнуулынхан уг нэвтрүүлгийн агуулга “монголчуудыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах хандлагатай” хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэхдаа Х.Баттулга гишүүнийг биш, “Hero intertainment”-ийнхныг барьж авсан байна. Х.Баттулга гишүүний мөнгө ийм их “ид шид”-тэй.
6
Уг нь Х.Баттулга гишүүний сайд байхдаа батлуулсан төмөр замын бодлого дотор “Эхний ээлжинд зүүн бүс рүү чиглэсэн хөндлөн төмөр замыг өргөн царигаар барина. Харин өмнөд төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар тухай бүрт нь УИХ-аар хэлэлцүүлж шийднэ” гээд хар дээр цагаанаар биччихсэн байгаа. Тэгэхээр одоо УИХ дээр яригдаж байгаа царигийн асуудалд төмөр замын бодлогыг зөрчсөн зүйл нэгээхэн ч байхгүй гэсэн үг. Тэр ч байтугай Х.Баттулга гишүүн өөрөө сайд байхдаа БНХАУ-ын Төмөр замын яамтай байгуулсан санамж бичигт хүртэл "Шивээхүрэн-Нарийн сухайт, Сайншанд-Замын-Үүд болон Баруун-Урт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг 1435 мм-ийн царигтайгаар барина" гээд хоёр улсын сайд гарын үсгээ зурчихсан байдаг. Харин одоо гэнэт яагаад Хятад руу зам тавьсан, нарийн цариг ярьсан болгон “хужаагийн эрлийз, урвагч, дайсан” болоод хувирчихсаныг сайд асан л өөрөө хэлэх байх даа.
6
Эрхэм гишүүнд сануулахад уг санамж бичигт түүнчлэн, “Хятад, Монголын хамтарсан төмөр замыг 50:50 хувийн өмчлөлтэйгээр байгуулах, Хятадын тал техник, технологи, барилгын ажилд хөрөнгө оруулах замаар, харин Монголын тал хайгуул хийн нөөц нь тогтоогдсон уул уурхайн ордыг ашиглах эрхээр хувь нийлүүлнэ. Энэхүү компани нь төмөр зам болон уул уурхайн ашигт малтмалыг эзэмших эрх эдэлнэ” гэсэн бас нэг заалт байна лээ. Юун ганц төмөр зам, уул уурхайтай юутай нь Хятадад барьчихсан юм биш үү? Энэ нь тэгээд өөрийнх нь яриад байгаа "эх оронч" байдалд хэр нийцдэг юм бол доо. Түүний хамгийн их урдаа барьж ярьдаг Төмөр замын бодлогод ядахдаа ийм зүйл байгаагүй. Тиймээс л Х.Баттулга гишүүний ой санамжийг эргүүлж авчирья.
6
Б.Амараа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ