Үгийн утгаа санааны таягаар тулахсан
Бид бурхны ч юм уу хэн нэгний ерөөлөөр хөгжин дэвшлээ. Иргэний олонхийн оролцоогүй шүү. М.Шолоховын “Дөлгөөн Дон”-д өгүүлсэнчлэн Григорий Мелехов шиг юугаа мэдэхээ болиод байна. Энэ хүмүүс. Тоймтой хариулт өгөх хүн ч алга. Гуравхан сая хүн амтай хэрнээ 50-аад сая мал сүрэгтэй, газар нутаг нь ашигт малтмалаар дүүрэн энэ улсыг удирдахад тийм ч амар бишсэн. Гэтэл өнөөдөр ажлаа хийгээд үндэсний баялаг бүтээгээд ч нэмэргүй болж байна. Эргээд унахад бас хэн нэгэн нь буруутна. Хэн нэгнийг авлах аян дайн өрнөнө. Хэн бүхэн өөрийнхөө тогтоосон хууль, дүрмийн дагуу. Сайхан дайн ид өрнөнө. Дандаа ирээдүй цаг дээр хэлж байгаагийн угтал нь тэд бүхий л учрыг хянан тунгаагаад, тэд бүхнээс урьтан шийдвэр бүхнээ гаргаж байгаад оршиж байна. Төмөр замын царигаас болсон энэ хэрэг явдал энгийн иргэдэд ойлгомжтой болсон.
6
Бид биенээ хайрлахаа больж. Нэг асуудал дэвэргэтэл бусдыгаа баруун зүүнгүй гөвөхийн. Бүүр тоосыг нь манартал шүү. О.Дашбалбарын үг эхэн дээрээ яруу найраг, түмэнд уриа болсноос биш үгийн утгыг санааны таяг тулахаа больжээ. Бид яагаад ингэтлээ оюуны доройтолд оччихов. Нэгнийгээ үгийн сэжим дээр дөрөөлөн газар доор ортол нь муу хэлнэ. Санаанд ишлэлээр улсын хэрэг явдлыг шийдэх гэж чармайна. Үгээр урлахуйн ухааныг эс мэдэгчид цахим ертөнцөөр дүүрэн. Бодит байдал дээр юу болоод байгааг хов живээр л зохицуулна. ЕБС-ийн хүүхдүүдээс асуугаарай. Шахааны номтой тэд Монголын түүх, олон улсын эдийн засаг, нийгэм, эрхзүйгээр нэг л тогтсон хариулт өгнө. Баахан мөнгө ярьсан, баахан соёл ярьсан ирээдүй өсч өндийж байна. Зөрүүд хүмүүс олширчээ. Хогийн сав байсаар атал хогоо гудамжинд хаядаг, ууж согтохоороо гудамжинд "морь харж" орхидог, урдуур нь зөрж өнгөрсөн нэгнийг заамдаж аваад балбадаг, уур нь хүрэхээрээ хэнийг ч хамаагүй "дүрж" орхидог, учирч тааралдсан бүсгүй хүнийг айлгаж ичээдэг хүмүүс цөөнгүй. Багад нь эцэг эх нь зандарч зэмлэж, зааж сургаагүйгээс "буруу өссөн" тэд, хууль нь хэрэгждэггүй алагчилалтай энэ нийгэмд "бухын хүзүүнээс ч хатуу"-гаар авирлаж байна.
6
Бие биенээ хайрлахгүй болсны жишээ энэ биш үү. Үнэндээ Монголын баялаг мал сүрэг биш, газар тариалан биш, уул уурхай биш, мөнгө биш, эрх мэдэл биш ердөө л Монгол хүн өөрөө юм шүү дээ. Малаа хүн хариулж өсгөж, бид махыг нь идэж байна, газар тариалангаа хүн эрхэлж ашиг шимийг нь хүртээж байна, уул уурхайд хүн ажиллаж гадаадынханд зарж арилжиж байна, мөнгө олохын тулд хүн хөдөлмөрлөж байна, эрх мэдэлд хүргэх боломжийг хүн олгож байна.
6
Эх орончид үеийн үед байсаар ирсэн. Монгол тэднээрээ дутаагүй. Харин ч тэд маань энэ улсыг өдий зэрэгтэй болгож улс шиг улс болгосон. Эх оронч гэж хэн нэгэн нь цээжээ дэлддэггүй юм. Юугаа ч мэдэхээ больсон энэ цаг үед ухаарлын ташуур өлгөхөөс биш түмнийг урдаа цогиулж эрсдэлдүүдэггүй юм. “Эх оронч” хүмүүс олшроод байгаа нь УИХ, Засгийн газартай шууд холбогдоно.
6
200 мянган төрийн албан хаагчид. Мөн үү. Бүгд л цалингаа нэмүүлнэ. Хувийн хэвшлийнхэн хөлд нь үрэгдэнэ. Цалингаа нэмүүлсэн болгон “эх орон минь сүйрэн мөхөж байгаа тухай", "эх орноо аврах тухай", "эх орондоо ямар их хайртай" тухай ярина. Гар хөдөлбөл ам тосдоно гэдэг дээ. Дэр нь болоогүй ээ, яаж ийж байгаад эрх мэдэлд хүрэх, эс чадвал хэн нэгнийг дарамталж байгаад ч болов хэд гурван төгрөг олж авах хүсэл бий. Харин тэгтлээ орилохгүй хэрнээ сэтгэлдээ эх орноо бахдаж, чадал боломжоороо хөдөлмөрлөж, өөрийн чадлаараа өөрийгөө хөгжүүлж яваа олон ч хүн бий. Тэднийг буруутгах гэсэнгүй.
6
Эцсийн бүлэгт нэг л зүйлийг ухаарахсан. Наадам болж байна. Монголчуудын эв нэгдлийн баяр. Хавирга газрыг халцартал, энгэр газрыг элцэртэл бүжиг дуун үүсгэвэй гэж Монголын нууц товчоонд өгүүлдэгчлэн өвөг дээдсийн үеэс өдийг болтол, түүхийн их нугачаанд тусгаар үлдсэн "МОНГОЛ" хэмээх аугаа нутагт төрж өссөн монголчууд бид ав адилхан хувь заяатай. Бид бүгдээрээ л эрс тэрс уур амьсгалтай, Төв Азийн тэгш өндөрлөгийг эзэгнэнхэн төрсөн. Юундаа биентэйгээ муудалцаж, юугаа хармалж тэрсэлдэнэ вэ? Юуны учир бие биенээ үзэн ядаж харааж зүхнэ вэ? Бидэнд гагцхүү нэгэн зүйл өвлөж ирсэн Монголын газар нутаг, тусгаар тогтнол түүнийгээ хойч үедээ өвлүүлж үлдээх эрхэм үүрэгтэй. Үг гэдэг монгол хүнд хамгаас эрхэм. Харин утга гээч таягийг тулаад бодлогширч суугаа бил үү бид.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ