Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч Суаресийг өмөөрлөө
Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухикаг дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэдэг. 1987 оны “Фольксваген” унаж, нурж унах шахсан гэмээр байшинд амьдарч, цалингийнхаа 90 хувийг сайн санааны үйлсэд хандивладаг Хосе Мухика орчин үеийн улстөрчдөөс тэс өөр нэгэн. Тиймдээ олон хүний хайр, талархлыг хүлээсэн юм.
Мухика Уругвайн шигшээ багийнхаа довтлогч Суаресийн өрсөлдөгчөө хазаад авсан шийтгэлийг их хатуу байсан гэж дүгнээд, ОУХХ-ны удирдлагыг буруутгажээ.
6
Тэрбээр “Би настай хүн болохоор италичууд томоохон тэмцээнд биеэ хэрхэн авч явж байсныг харж л байсан, одоо ч санаж л байна. Италичууд бол хүмүүсийн толгойг эргүүлэхдээ аварга хүмүүс. Тэгээд ч хашир туршлагатай хүмүүс Суаресийг дарга нар шийтгэхдээ хэтрүүлчихсэнийг ойлгож байгаа. Бид хэсгээс Итали, Английг мулталсныг санах хэрэгтэй. Мэдээж, тэд үүнээс болж их мөнгө алдсан нь тодорхой. Италийнхан тоглолтын турш Суаресийг өдөж, өдөөн турхирсан. Тэгээд хүссэн зүйлээ хийлгэсний дараа л тайвширсан, тэд. ОУХХ үүнд анхаарлаа хандуулах ёстой байлаа.
6
Суаресийг шийтгэсэн нь зөвхөн түүнийг бус ядуу, зүдүү амьдралаас тэмцэж босч ирсэн олон хөлбөмбөгчийн эсрэг хандсан зүйл юм. ОУХХ-ны дарга нар жирийн хүмүүсийг ойлгох чадваргүй байдаг. ОУХХ-ны удирдлагууд Суаресийг хэзээ ч их сургуульд сууж байгаагүй болохоор нь, хөлбөмбөг тоглож гудамжинд өссөн болохоор нь уучлахыг хүсэхгүй байгаа юм. Гэлээ ч Суарес өөрийн гарал удмаа дагаад хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч байх болно. Дарга нар энгийн иргэдийн амьдрал, үзэл бодлыг огт мэддэггүй болохоор хэнийг нь ч уучлахгүй.
6
Тийм ээ, Уругвайн төр засаг хөлбөмбөгөө дэмжихийг хичээдэг. Үүнд би асуудал олж харахгүй байна. Европт хөлбөмбөгийн төлөө зарцуулж буй мөнгөний дэргэд биднийх дэндүү инээдтэй санагдах биз. “Реал”, “Барселона”-гийн жилийн төсөв л 500 сая еврогоос буухгүй. Гэтэл Уругвайн хөлбөмбөг түүхэндээ ийм их мөнгө хэрэглэж амжаагүй л яваа. Хэдийгээр манай улс буурай, цөөн хүн амтай ч гэсэн сайхан тоглолт үзүүлж, амжилтад хүрсээр ирсэн. Энэ л хөлбөмбөгийн сайхан нь юм шүү дээ. Хөлбөмбөг бол шинжлэх ухаан биш ээ. Шинжлэх ухааны бага зэрэг элемент байлаа ч гэсэн хөлбөмбөг бол урлагаас ч том зүйл.
6
ОУХХ гэдэг бол хэдэн янхны хөгшин хөвгүүд төдий. Та бүхэн энэ үгсийг минь бичиж аваад, хаана ч хэвлэж болно. ОУХХ Суаресийг шийтгэж болохыг би мэдэж байсан. Гэхдээ арай ч фашистуудын арга барилаар тэгж шийтгэнэ гэж төсөөлөөгүй. Энэ бол зөвхөн ганц хөлбөмбөгчид бус манай ард түмэнд хандсан шийтгэл.
Хөлбөмбөгчийг түрхэн зуур бухимдсных нь төлөө ингэж шийтгэж болохгүй. Энэ бол хөлбөмбөгийн тоглолт. Энд эрчүүд тулдаг болохоор агшин, алдаа бүр дээр ийм хатуу шийтгэл ногдуулаад байх хэрэггүй. Би Суаресийг хэн нэгнийг хазахыг хараагүй. Гэхдээ ямар ч байсан би Луисийг философичоор томилоогүй. Тэр талбайд гараад ур чадвараа л харуулах ёстой. Тэр үнэхээр сайн хөлбөмбөгч.
6
Суарес агуу хөлбөмбөгч ч гэсэн хааяа Уругвайн жижигхэн дүүргийн бяцхан хүү шиг зан гаргадаг. Тэр энд өсч, ийм агуу хөлбөмбөгч болсон юм. Манайх шиг жижигхэн улсад ийм хүчирхэг баг бүрдүүлж чадна гэдэг гайхамшиг гэж би боддог. Энэ бол хөлбөмбөгийн тогтолцоондоо тооцоход ч гавьяа. Би Суаресийг гэртээ ирэхэд нь уулзсан. Түүнийг би тэврээд, цаашид тэмцэхийг хүссэн” гэж Хосе Мухика хэлсэн байна.
5
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ