Ховард: Бельгичүүдийн өмнө бүрхээ авья, тэд гайхалтай тоглосон

img

АНУ-ын шигшээ багийн хаалгач Тим Ховард дэлхийн аваргын 1/8 шигшээгийн сүүлчийн тоглолтод 15 цохилтыг хааж нэгэн дээд амжилт тогтоосон. Тэгээд ч тоглолтын шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдсэн юм. Гэхдээ баг нь 2:1-ээр хожигдсон. Тоглолтын дараагаар Тим Ховард өрсөлдөгчийгөө үнэхээр гайхалтай сайн тоглосныг бахдсан байна.

“Бельгийн шигшээ Лукакуг сэлгээгээр гаргасан нь тэдэнд тун их тус болсон. Тэр байн байн аюул тарьж, багийнхандаа гоол оруулах боломж гаргаж эхэлсэн. Том Ром тоглолтын хувь заяаг эргүүлчихлээ. Мэдээж, бид сэтгэл гонсгор байна. Гэхдээ бид үүнээс илүү зүйл хийж чадах байсан гэж бодохгүй байна. Бид талбай дээр бүх хүчээ шавхаж, чадах бүхнээ л хийсэн. Гэвч хүчирхэг багт хожигдлоо. Бидний зүрх урагдчих шиг л болсон. Гэхдээ бельгичүүд гайхалтай сайн тоглосныг мэдэж буй тул тэднийг хүндэтгэж бүрхээ авья” гэж Ховард өгүүлсэн байна.

Бельги-АНУ-ын тоглолтод бельгичүүд 39 цохилт хийсний 27 нь Ховардын хаалгыг чиглэсэн юм. Үүнээс Ховард 15-ыг хааж, 10-ыг нь хамгаалагчид нь хааж зайлуулсан бол 2 нь гоол болсон юм.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ