А.Амарбал: Статистикт бүртгэлийн мэдээллийн санг ашиглах, олон салангад давхар бүртгэлийг цэгцлэх ажил хийгдэж байна
Үндэсний статистикийн хороо 2014 онд улсын бүртгэлд суурилсан хүн ам, өрх, бизнес регистрийн санг шинэчлэн байгуулж, төрийн нэгдсэн сүлжээнд холбох зорилго тавин ажиллаж байгаа аж. Энэхүү ажлын явц ямар шатандаа хэрхэн явагдаж байгаа талаар тус хорооны ХАОСТТ-ны дарга А.Амарбалаас тодрууллаа.
6
-ҮСХ статистик мэдээг сайжруулж, шинээр бий болгохдоо үр ашигтай эх үүсвэрийг судалж ашиглах тал дээр зорилго тавин ажиллаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Олон улсын хэмжээнд бүртгэлд суурилсан статистикийн туршлага сүүлийн жилүүдэд түгээмэл болсон, ялангуяа бүртгэлийн систем нь сайн хөгжсөн, мэдээллийн технологийн хэрэглээ өндөр орнуудад илүү ашиглагдаж байна.
Манай улсын хувьд бүртгэлийн мэдээллийн санг төрийн байгууллагууд ашиглах, ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд тодорхой ажлууд хийж эхэлсэн.
Үүнтэй нэгэн адилаар статистикт бүртгэлийн мэдээллийн санг ашиглах, олон салангад давхар бүртгэлийг цэгцлэх чиглэлээр зорилт тавин ажиллаж байна.
УБЕГ-ын иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сангийн үзүүлэлтээс албан ёсны статистик мэдээллийг гаргадаг болох, анхан шатны мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, ашиглалтыг нэмэгдүүлж, мэдээллийн чанарыг сайжруулах, зарим давхардлыг арилгах ажлыг хийгээд эхэллээ. Энэ хүрээнд улсын хэмжээнд хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор ажиллаж байна.
Бүх аймаг, сум, баг хорооны мэдээллийн санг нэгтгэн давхацлыг шалган, УБЕГ-ын иргэний бүртгэлийн мэдээллийн сан болон бусад мэдээллийн сантай тулгаж цэгцлэх ажил хийгдэж байна. ХАӨМС-г УБЕГ-ын иргэний бүртгэлийн мэдээллийн санд хувь хүний регистрийн дугаар, овог, нэрээр тулгаж, зөрүүг арилгах ажлыг мөн хийж байна.
6
-Энэхүү ажлын хүрээнд аймаг, сум, багийн хэмжээнд ямар ажил хийж байна вэ?
-ХАӨМС-ийн шинэ програмын сургалтыг бүх баг, хорооны засаг дарга, зохион байгуулагч, сумын төрийн сангийн төлөөлөгч нарт өнгөрсөн 6-р сард хийлээ. Дээр хэлсэнчлэн мэдээллийн сангийн давхардлыг арилгах буюу олон хаяган дээр бүртгүүлсэн иргэдийг цэгцлэх, мэдээллийн санд ороогүй өрх, хүнийг олж нэмэх зэрэг одоо байгаа мэдээллийн санг улсын хэмжээний онлайн сан болгож нээхэд шаардлагатай ажлуудыг хийж байна.
Энэ ажил дууссаны дараа ХАӨМС-г нээж ажиллуулж эхэлнэ. Одоо бид энэ сан дээр байгаа мэдээллийг сайжруулах, үнэн зөв бодитой болгох шаардлага тавин ажиллаж байна. ХАӨМС маань дан ганц хүний тухай мэдээлэл төдийгүй өрхийн сууцны нөхцөлүүдийг оруулсан байгаа. ХАӨМС нь баг, хорооны анхан шатны үндсэн бүртгэлийн мэдээлэл болж үйл ажиллагаанд нь ашиглагдана. Иймээс засаг захиргааны нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийн эх үүсвэр болохоос гадна шаардлагатай тайлан, хүснэгт гаргах гэх мэт үйлдлүүдийг агуулсан систем юм.
6
-Иргэд маань энэ сангийн ач холбогдлыг хэр мэдэрч байгаа бол? Ерөнхийдөө ажлын явц үр дүнгийн талаар сонирхуулбал?
-Ажлын чиг үүрэг маань тодорхой учраас ойлгогдохгүй хүндрэлтэй асуудал байхгүй. Хүн ам цөөн гэдэг утгаараа хөдөө орон нутагт бүртгэлийн ажил харьцангуй сайн явагдаж байна. Харин аймгийн төв, суурин газрын баг, хорооны ажилтнууд илүү анхаарч ажиллах шаардлагатай байгаа. Мэдээллийн санг сайжруулснаар иргэд маань өөрийн оршин суугаа баг, хороондоо үнэн зөв бүртгэлээ хийлгэж, төрөөс иргэнд үзүүлэх үйлчилгээг авах үндсэн нөхцөл бүрдэх юм. Ерөнхийдөө манай улсад бүртгэлийн тал дээр гардаг хүндрэлүүд болох амьдралын шаардлагаар байр түрээслээд бүртгүүлэхгүй, байнга шилждэг буюу тогтвор суурьшилгүй, хаягын бүртгэлээ хийлгэхгүй, давхар бүртгэлтэй явдаг зэрэг асуудлууд байдаг. Энэ сан нь эдгээр асуудлыг шийдэж чадвал маш том дэвшил болно. Иргэд маань иргэний үүргээ биелүүлж, идэвхтэй байж бүртгэлээ үнэн зөв болгох нь эргээд иргэн бүр төрөөс гаргаж буй бодлого шийдвэрт тэр чинээгээрээ бодитой хамрагдаж чадна гэсэн ойлголт юм. Түүнчлэн иргэд регистрийн дугаараараа өөрийн мэдээллийг шалгаж, сайжруулах ч боломжтой болно. Үндсэндээ бол иргэн хувь хүн, түүн дээр суурилсан өрхийн мэдээллийн санг бий болгосноор эрүүл мэнд, боловсрол зэрэг бусад салбарт шаардлагатай улсын хэмжээний ХАӨМС бий болно гэсэн үг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ