Дэлхийн аваргын мэргэн бууч Хамес Родригес гэж хэн бэ
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг одоогоор Колумбын шигшээгийн 10 дугаарт Хамес Родригес таван гоолтойгоор тэргүүлж байна. Хамес Родригес бол авьяаслагаас гадна ухаалаг, даруухан залуу. Тиймдээ хөлбөмбөг сонирхогчдын хайрыг улмам булаасаар байгаа юм.
6
Хамесийн хөлбөмбөгчийн намтар Японы нэгэн хүүхэлдэйн киноноос эхэлдэг нь хачирхалтай. “Ахлагч Цубас” хэмээх Наран улсын хөлбөмбөгийн сэдэвтэй хүүхэлдэйн кинонд Хамес хүү бүр багадаа дурлачихжээ. Бяцхан хүүгээ хүүхэлдэйн кино үзээд суухад ээж нь дуртай Pony Malta ундааг жигнэмэгийн хамт хажууд нь тавиад өгчихдөг байж. Дуртай амттанаа идэж, дуртай хүүхэлдэйн киногоо үзэж суугаад Хамес хүү яг л ахлагч Цубас шиг гайхалтай хөлбөмбөгч болохыг хүсч эхэлжээ. Хамесийн төрсөн эцэг нь 1985 оны дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Колумбын багтаа багтан тоглож явсан нэгэн. Гэхдээ Хамесийн хөлбөмбөгт дурласан нь ааваасаа гэхээсээ “Ахлагч Цубас”-аас үүдэлтэй гэж тэр ярих дуртай. Магадгүй төрсөн эцэг нь түүний багад хаяад явчихсан болохоор төдийлөн дурсах ч дургүй байдаг биз. Хамесийн эцэг Уилсон Хамес Родригес хөлбөмбөгчийн хувьд 1985 оны тэрхүү тэмцээнээс өөр томоохон тэмцээнд оролцоогүй юм. Харин хожмоо дахин хоёр удаа гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон юм билээ.
7
Хамес Родригесийн амьдралд удалгүй хойт эцэг Хуан Карлос Рестрепо чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Эхэндээ хойт эцэг нь хүүг хөлбөмбөгч болж магадгүйг анзаарч, дугуйланд оруулсан байна. Дараа нь үнэхээр авьяастайг нь мэдмэгцээ хүүгийн ирээдүйн төлөө мөнгө зарцуулж эхэлжээ. Удсан ч үгүй Хамес анхны мэргэжлийн хөлбөмбөгийн баг “Энвигадо”-ийн өсвөрийн багт очжээ. Хойт эцэг нь Хамесийг бусдаасаа илүү сайн хөлбөмбөг тоглож сургахын тулд нэмэлт бэлтгэлийн 100 мянган песог хүртэл төлдөг байж.
6
Хамес бэлтгэл бүрийн дараа ганцаараа талбайд үлдээд, цохилтын техникээ цуцалтгүй давтдаг байсан гэдэг. “Тэр эцэж унатлаа л бөмбөг хөөдөг байлаа. Ганцаархнаа тусгай бэлтгэл хийсэн хэрнээ л хүчний бэлтгэл заавал үргэлжлүүлж хийнэ. Ер нь миний хүү аливаа зүйлийг төгс хийх гэж их зүтгэдэг” гэж эх Родригес Пилар өгүүлсэн нь бий.
6
“Энвигадо”-гийн өсвөрийн багт бэлтгэл сайн хийсэн тул түүнийг 14 настайд нь анх албан ёсны тоглолтод гаргасан түүхтэй. Харин 17 насандаа Өмнөд Америкийн хамгийн шилдэг багуудын анхаарлыг гойд татаж, улмаар Аргентиний “Банфилд”-д очжээ. Хамес Аргентиний аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн залуудаа талбайд гарсан гадаадын анхны хөлбөмбөгч болсон юм.
7
Хамес Аргентинд ганцаархнаа очиж, гэр бүлийнхэн нь эх нутагтаа үлджээ. Ээж Пиларынх нь хувьд түр хугацааны ч гэсэн энэ хагацал тэвчихийн аргагүй зовлон болж хувирсан байна. Ээж нь бүтэн гурван сарын турш өдөр бүр хоёр минут заавал хүү рүүгээ ярина. Гэр бүл нь мөнгө муутай тул өдөрт хоёр минутын хязгаартай картаар л ярьдаг байж.
“Хоёрхон минут ярихад сэтгэл бага ч гэсэн дэвтэнэ. Хүүгээ сэтгэл санаа ямар байгааг, хоол ундаанд сайн эсэхийг асуугаад л байдагсан. Би үнэхээр бүтэн гурван сар хүүгийнхээ араас өдөр бүр уйлсан” гэж Пилар Родригес ярьсан байна.
6
2008 онд Хамес ирээдүйн хань Даниела Оспинтой танилцжээ. Сонирхолтой нь, Даниела Колумбын шигшээ багийн хаалгач Давид Оспины дүү охин гэнэ. Гэтэл Хамес, Даниелагаа нэрт хаалгачийн дүү гэдгийг хожим дотноссон хойноо мэдсэн гэдэг.
Хамес шилдэг хөлбөмбөгчдийн замналын дагуу Өмнөд Америкийг удалгүй орхиж, Европт хүчээ үзэхээр Португалын “Порто”-г зорихдоо сэтгэлт бүсгүй Даниелагаа дагуулан оджээ. 2013 онд тэд Саломея хэмээх охинтой болсон юм.
7
“Хамес их намуухан, бүрэгдүү хүн шүү дээ. Заримдаа хүмүүс түүнийг их зантай гэж хардаг байх. Үнэндээ тийм биш, тэр аливаа асуудалд үргэлж маш анхааралтай, хариуцлагатай ханддаг болохоор л тэгж санагддаг байх. Залуу, царайлаг, авьяаслаг хөлбөмбөгч гэхэд түүний замналд нэг ч тааруухан түүх байдаггүй. Хамес чөлөөт цагаа охин бид хоёртой л өнгөрүүлдэг” гэж Даниела сэтгэлтэй залуугаа магтжээ.
Харин Пилар Родригес хүүгийнх нь хувийн амьдралыг сонирхсон сэтгүүлчид “Миний хүү бүрэг болохоороо Даниелагаас өмнө найз бүсгүйтэй бараг байгаагүй. Даниелатай уулзснаар хүү минь амьдралдаа улам итгэлтэй, аз жаргалтай болсон. Охиноо төрөхөд “Миний амьдралын хамгийн сайхан мөч” гэж надад хэлсэн. Одоо Саломея охин нь Хамесийн сахиусан тэнгэр л гэсэн үг. Тийм болохоор л гоол болгоныхоо дараа гартаа шивүүлсэн охиныхоо нэрийг үнсдэг юм шүү дээ” гэж хэлсэн байна.
7
Урьд нь Хамес утсаар ярихдаа хүртэл мөнгөө хэмнэх гэж хичээдэг байсан бол өдгөө хөлбөмбөгийн авьяас чадвар, ухааныхаа шанг хүртэж багагүй хөрөнгө хуримтлуулж амжжээ.
Хамес өөрийнхөө олсон ихээхэн хэмжээний мөнгөөр Колумбад ахмад настнуудад зориулсан барилга бариулсан юм билээ. Дараа нь аялал жуулчлалын дүүрэгт ресторан байгуулсны зэрэгцээ “Бид бүгд колумбчууд” хэмээх сайн үйлсийн сан байгуулжээ. Энэ сан нь хөлбөмбөгт дурласан хөвгүүдэд туслах үндсэн зорилготой юм.
6
“Би өөрөө энд өссөн болохоор жирийн нэгэн пүүз авах ямар хэцүү байдгийг сайн мэднэ. Багадаа хөлбөмбөгийн пүүз авах завшаан таарвал хичнээн их баярладаг байлаа даа. Харин одоо би хүүхдүүдийг багаасаа баяр баясгаланг мэдэрч, сэтгэл санаа болоод биеийн бэлтгэлийн хувьд төгс байгаасай гэж хүсдэг. Үүний тулд л би энэ санг байгуулсан” гэж Хамес Родригес хэлсэн ажээ.
Хамес бол ухаалаг залуу. Тэр Португалын “Порто”-д ирээд, дараа нь Францын “Монако”-д очихдоо ч их сургуулиа орхилгүй суралцсаар төгсгөсөн юм билээ. Системийн инженерийн мэргэжил эзэмшихийн зэрэгцээ Хамес англи хэлийг бие даан сурч чаджээ.
7
“Түүнд амралт гарвал Колумбынхаа Ибаге, Медельин хотыг л шууд зорьдог. Ибагед өөрөө өссөн, харин Медельинд эхнэр нь төрсөн юм. Тэр өөрийн удам судар, нутаг усаа дээдэлдэг. Тиймээс ч өвөө, эмээдээ туслахын тулд үргэлж нутгаадаа яардаг. Буцахдаа эмээгийнхээ гараараа амталсан хиам, амттанг үүрээд л гарч өгдөг” гэж ээж нь инээмсэглэн өгүүлжээ.
6
Ийм л нэгэн залуу өнөөдөр хөлбөмбөгийн ертөнцийг шуугиулж, дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ багийнхны гол шүдний өвчин болчихоод байна. Хамесийн хамт гялалзаж буй Колумбын баг ¼ шигшээд Бразилтай таарчихаад байгаа билээ.
6
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ