“Тэгш дүүрэн” хөтөлбөрийн үндэсний семинар эхэллээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн Үндэсний семинар өнөөдөр Бишрэлт зочид буудалд эхэллээ. Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг 1978 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага санаачилсан юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмжийг орон нутгийн нөөц бололцоог дээд зэргээр ашиглан үзүүлэх стратеги юм. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагууд хамтран ажилласны үр дүнд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог баталгаажуулж, нийгэмд хамруулж, амьдралын чанарыг сайжруулж, тэдний хэрэгцээг өргөн хүрээнд авч үздэг олон салбарын стратеги болж хувирсан юм.
й
Монгол Улсын хувьд энэ хандлагыг хөгжүүлэхийн тулд ЭМЯ-наас “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах – ТЭГШ ДҮҮРЭН” хөтөлбөрийг 1991 оноос хойш Италийн төрийн бус АИФО байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. “Тэгш Дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд олсон ололт амжилт, тулгарч байгаа бэрхшээл, цаашдын хийх ажлынхаа талаар жил бүр Үндэсний семинараараа хэлэлцдэг уламжлалтай. Энэ удаагийн Үндэсний семинарт “Тэгш Дүүрэн” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлдэг зохицуулагч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 21 аймаг, нийслэлийн 12 дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн газрын удирлагууд, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
йы
Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага нь 30 жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж эмнэлгийн загвараас хүний эрхэд суурилсан хамруулан хөгжүүлэх хандлага болсон бөгөөд дэлхий нийтийн нэн тэргүүний зорилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ядуурлыг бууруулах, тэгш боломж олгох, нийгэмшүүлэхэд оршиж байгаа юм. Энэ удаагийн Үндэсний семинариар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээнийн тухай, Инчеон стратегийг хэрэгжүүлэх арга зам, Европын Холбоо, АИФО байгууллагын хамтын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд туслах” төслийн тайлан, уг тайланд хийсэн хөндлөнгийн үнэлгээ гэх мэт асуудлын талаар мэдээлэл өгөх юм.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ