Герман-Франц: 2 шүд ба 2 жилийн үзэн ядалт
Германы шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ээр 1982 оны дэлхийн аваргаар таарч, но гаргаж байсан хоёр багтайгаа дахин учраад байна. Эхлээд тэд Алжирийг Австритай “хавсайдаж”, хэсэгт нь үлдээсэн нүглээ дэлхий даяар сануулсан бол өнөөдөр герман хаалгач Харальд Шумахер франц хамгаалагч Баттистон руу кунг-фу үсрэлтээр дайран орж, тархийг нь хөдөлгөж, хоёр ч шүдийг нь хуга цохьсон түүхийг дэлхий дахинд эргэн санахад хүргээд байна.
6
1982 оны ДАШТ-ий хагас шигшээд Герман-Францын баг таарсан юм. Тэгэхэд л Харальд Шумахер өрсөлдөгч рүүгээ зориудаар зэрлэгээр үсэрч орсон ч шүүгч түүнийг огт шийтгэлгүй, харин хохирогч Патрик Баттистон хоёр шүдгүй болж, мөн хоёр сарын дараа хуримандаа хүзүүний хамгаалалттай очиход хүргэсэн түүхтэй.
6
Хэргийн эзэн Харальд Шумахер олон жилийн дараа энэ тухай ярихдаа “Баттистон руу нэг нь бөмбөг дамжуулсан юм. Би бөмбөгөнд эхэлж хүрэхийн тулд өмнөөс нь гүйлээ. Франц эр ч урдаас хар хурдаараа гүйж явна. Түүнийг бөмбөгөнд хүрмэгц би дээшээ үсрээд бид хоёр мөргөлдсөн. Бөмбөг нүүрний шугамаар гарч, шүүгч тавын шугам дээрээс бөмбөг цохихыг заасан. Шар хуудас, хаалттай цохилт огт өгөөгүй. Харин Баттистон хэвтсээр байлаа. Дараа нь Патрикийг дамнуургаар аваад гарсан. Тоглолт сунгаж, нэмэлт цаг сунгасан ч пеналтиар асуудлыг шийдэхэд бид хожсон. Тэгэхэд би пенальти хааж, хожил авчирсан болохоор францчууд бүр ч их харамсаж, халагласан даа” гэж дурсчээ.
6
Шумахер, Баттистон хоёрын мөргөлдсөн бичлэгийг дахин харвал герман хаалгач яг л кунг-фу хийж буй мэт өмнөөс нь үсрэн орж, хүчтэй мөргөсөн нь харагдана. Тэнд яалт ч үгүй алдаа байж. Харин талбайн төвөөс Платини гайхалтай дамжуулалт өгсөн юм билээ. Платини хамгаалагч Баттистоныг тун ирээдүйтэй залуу гэж үздэг байж. Баттистон хамгаалагч хэрнээ тухайн агшинд довтлогчийн байран дээр байж таарч л дээ. Гэтэл өмнөөс нь 188 сантиметр өндөр, 90 кг жинтэй үлэмж биетэй хаалгач хар хүчээрээ үсрээд ирсэн нь энэ. Баттистон ухаан алдаж, түүнийг талбайгаас дамнуургаар авч гартал таван минут шаардагдсан байна.
6
“Би тэгэхэд Баттистоныг үхчихвий гэж үнэхээр айсан. 30 сая францчууд дэлгэцийнхээ ард суугаад аймшигтай цохилтод өртсөн Баттистоны төлөө санаа зовж суусан. Үнэхээр тэгэхэд Патрик үхэлтэй нүүр тулсан гэж хэлж болно. Харин Шумахерийн хувьд бол зориудаар тэгсэн нь гарцаагүй. Тэр манай хөлбөмбөгчид өвчин мэдрүүлж, гэмтээхийг хүссэн. Үүнийг яаж батлах вэ гэж үү? Тэр Патрикийг мөргөчихөөд юу ч болоогүй юм шиг хаалга руугаа буцаж гүйгээд, бөмбөгийг авсан шүү дээ” гэж Платини “Тоглолт шиг амьдрал” номдоо өгүүлсэн байдаг.
7
Платинигийн намтар номдоо өгүүлснээр бол энэ тохиолдол л Францын шигшээгийнхнийг сэтгэл санааны хувьд унагачихсан юм билээ. “Энэ тохиолдол бидний итгэл найдварыг хугалаад хаячихсан. Голландын шүүгч Чарльз Корвер тоглогчоо бүдүүлэг алдааны улмаас алдчихаад байхад бидэнд хандаж дэмжиж буй, ойлгож буй нэг ч дохио зангаа үзүүлээгүй. Тэр гэмтэнг шийтгэхийн тулд ядаж хатуухан ч харилцаагүй” гэж Платини хэлсэн байдаг.
7
Платинигийн хэлсэн зүйл зарим талаар үнэн нь гарцаагүй. Баттистон тэр тоглолтын 52 дахь минутад талбайд ороод 62 дахь минутад дамнуурга дээр гарсан. Францууд сэтгэл санаагаар унаад зогсохгүй мөн дасгалжуулагч Мишель Идальгогийнх нь тактик хэрэгжихэд хэцүү болжээ.
7
Германчууд ширүүн тоглолтоор зартай. Үүн дээр хөлбөмбөгчийн замналд найман хуруугаа хугалж, зургаан удаа хагалгаанд орсон Антони Харальд Шумахер үнэхээр ширүүн эр байж.
Хэрэг явдал цаашид хэрхэн тайлагдсаныг үргэлжлүүлэн өгүүлье. Баттистоны хүзүү гэмтэж, хоёр шүд хугарч, тархи нь хөдөлсөн байна. Тоглолтын дууссаны дараагаар энэ талаар Шумахерт нэгэн сэтгүүлч хэлэхэд “Би төлбөрийг нь төлнө өө” гэж шулуухан хэлжээ. Шумахер эелдэг ярьж сураагүй шахуу хүн тул түүний үгийг бүр доромжлол гэж олон нийт ойлгосон байна. Уг нь Шумахер санаа нь зовсондоо л тэгж хэлсэн ажээ.
7
“Би их зовж байсан болохоор хоёр шүд л хугарсан тухай дуулаад санаа амраад тэгээд хэлчихсэн юм аа” гэж хожим Шумахер тайлбарласан байдаг. Харальд Шумахер дэлхийн аваргын дараагаар Патрикаас уучлалт гуйхаар болжээ. Ингээд Метц дэх эмнэлэгт нь очсон байна. Гэтэл Патрик сэтгүүлч найз нартаа дуулгачихсан тул Шумахерийг 100 гаруй сэтгүүлч, 10 телевизийн камер, 50 гэрэл зурагчин угтжээ. Ер нь Шумахерт эелдэг зан гаргаж, чин сэтгэлээсээ уучлалт гуйх боломж олгоогүй тул уулзсан болоод л гарахын түүс болжээ.
7
“Намайг очиход бараг л шоу хийчихсэн юм аа. Би ийм зүйл хүсээгүй. Хүмүүс шуугилдаад л би хэлье гэснээ бараг хэлж чадаагүй” гэж Харальд Шумахер хэлсэн байна.
Баттистон удалгүй хуримаа хийжээ. Гэхдээ хүзүүний хамгаалалттай хуримын зургууд нь тийм ч сайхан харагдаагүй нь лавтай. Галзуу юм шиг өмнөөс нь харайн орж, франц залууг гэмтээснийхээ төлөө Шумахер хоёр жилийн турш олны хараал зүхлийн бай болжээ. Хоёр жилийн дараагаар Герман-Франц хоёр дахин таарахад л олон нийт Шумахерийг уучилсан байна.
7
“Баттистонтой болсон явдлаас анх удаагаа Францтай хоёр жилийн дараа таарч тоглосон. Гэвч тоглолтын төгсгөлд бид гоол алдаж, 0:1-ээр хожигдсон. Тэгэхэд Патрик талбайд байсан шүү. Тэр тоглолтын сүүлчийн шүгэл дуугарахад л хүмүүс намайг сая уучилсан юм. Харин тоглолтын өмнө аймшигтай байлаа. Над руу өндөг, улаан лооль шидээд л байсан. Мөн хаалганы арын суудалд миний төрхтэй хүүхэлдэй хийгээд өлгөчихсөн байж билээ” гэж Шумахер дурсчээ.
7
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ