Бразил-Колумб. Халз тоглолтын түүх

img

Өнөө шөнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Бразил-Колумбын баг Улаанбаатарын цагаар 04:00-д тоглолтоо эхлүүлнэ. Тус хоёр багийн хоорондын тоглолтын түүхийг харахад 35 удаа таарч байжээ. Үүнээс Бразил 20 удаа хожиж, Колумб 5 удаа хожиж, хоорондоо 10 удаа тэнцсэн байна. Бөмбөгийн харьцаа нь Бразил-Колумб 76:25 болж байна.

Бразил Колумбыг нэг удаа 9:0-ээр хожсон бол Колумб мөн нэг удаа Бразилийг 5:1-ээр хожиж байжээ. Дээрх 35 тоглолтоос зарим тоглолтыг онцлон бичсэнийг хөврүүлэн хүргэж байна.

.

Бразил – Колумб 3:0

1945.01.21. Өмнөд Америкийн АШТ. Сантьяго /Чили/

Колумбынхан өмнөд Америкчуудын нэгэн адилаар эртнээс хөлбөмбөгт дурласан улс. Гэлээ ч хожуу буюу 1936 онд Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоонд элссэн байна. Колумбын шигшээ анхны албан ёсны тоглолтоо 1938 онд хийсэн түүхтэй. Харин 1945 онд анхны томоохон тэмцээндээ орохоор Өмнөд Америкийн аваргад очжээ.

Тухайн үед Бразилийн шигшээ тивийнхээ гол баг нь биш байлаа. Уругвай дэлхийд түрүүлчихсэн, Аргентин аман хүзүүдээд үзчихсэн байсан цаг.

Бразил-Колумбын 1945 оны тэр тоглолтын эхний 15 минутад л хөлбөмбөгийн шидэтнүүд хоёр гоол хийчихжээ. Харин нэгдүгээр үеийн төгсгөлд тоог 3:0 болгосон байна.

Энэ тоглолтын дараагаар колумбчууд Уругвай, Аргентиний шигшээд дараалан хожигдохдоо нийтдээ 1:16-аар “уншуулчихжээ”. Дүндээ тухайн тэмцээнд Колумб долоон багаас тавд жагсч, харин Бразил үзүүрлэсэн юм.

.

Бразил – Колумб 9:0

1957.03.24. Өмнөд Америкийн АШТ. Лима /Перу/

Колумбын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон гоолоор гутамшигтай хожигдсон тоглолт. Бразил дэлхийн аварга болж амжаагүй л байлаа. Колумбын эсрэг тоглоход Пеле шигшээдээ дуудагдаж үзээгүй байсан бол харин алдарт Гарринча нөөцөнд сууж байжээ. Гэлээ ч бразилчууд Колумбыг “будаа болгож” чадсан байна. “Барселона”-гийн шилдэг мэргэн бууч Эваристо энэ тоглолтод таван гоол оруулжээ. Мөн домогт хагас хамгаалагч Диди дубль хийж, Пепе, Зизиньо нар тус бүр нэг гоолтой буцжээ. Мэдээж, ийм хожигдлын дараагаар дасгалжуулагч Педро Лопесийг тайлбар ч хэлэх сөхөөгүй халжээ.

 .

Колумб – Бразил 5:1

1960.02.10 Олимпийн урьдчилсан хэсгийн тоглолт. Кали /Колумб/

1960 онд Колумбын шигшээ Бразилийг хожихдоо таван гоол оруулж, цочирдуулжээ. “Селесао” түүхэндээ ийм олон бөмбөгөөр хожигдсон нь тун цөөн.

Энэ удаагийн олимпийн урьдчилсан хэсэгт Өмнөд Америкийн долоон баг орсон бөгөөд бүх тоглолт Колумбад явагдсанаараа онцлогтой.

Кали хотноо Бразилийг 5:1-ээр хожиж чадсан колумбчууд олимпийн наадмын эрхээ авсан ч тэндээ очоод Кувейт, Нигеритэй хэсэгт ороод цааш шалгарч чадаагүй түүхтэй. 1960 оны олимпод Бразил, Аргентиний баг орохыг тэгтлээ хүсээгүй ч гэсэн яриа бий. Магадгүй тиймдээ ч хоёулаа хэсгээсээ гарч чадалгүй, нутаг буцсан биз ээ.

 .

Колумб – Бразил 0:2

2003.07.19 КОНКАКАФ-ийн Алтан цом. ¼ шигшээ тоглолт. Майами /АНУ/

Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд 2003 онд Бразил, Колумбыг урилгаар оруулсан нь ¼ шигшээд хоорондоо таарчээ. Тус тэмцээнд 2002 онд Өмнөд Солонгосыг, 2005 онд ӨАБНУ-ыг урьж оролцуулж байсан удаатай.

Ингээд Бразил-Колумбын хэн нь хагас шигшээд үлдэхээ үзэх болж. Колумбын шигшээ энэ тэмцээнд шилдгүүдээ авчирсан бол Бразилийн багийн хамгийн ахмад нь л 22 настай байлаа. Гэлээ ч “Бразилийн хүүхдүүд” дотор хожмын одод болсон Майкон, Луизао, Тиаго Мотта, Робиньо, Кака нар байв. Кака энэ тоглолтод дубль хийжээ. Бразил аваргын төлөөх тоглолтод үлдээд Мексикийн багт нэмэлт үед хожигдсон түүхтэй.

.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

brasil:
brasil yalagdah hurtel dotroo zalbirah bolno.ter yalagdaj l baival oor hen ch yalj bolno.tegeed l boloo.yalagdahiin toloo tulgachihaya.cheers.
2014-07-06
japan:
brasil yalagdaasai, uzen yadaj bna.
2014-07-06
soccer:
kolumbia nemeit ued hojino
2014-07-04
zogii:
brazil yalna.
2014-07-04