
Солонгосын хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн төвд байгуулагдсан Даланзадгадын дулааны цахилгаан станцтай холбоотой хэл ам тасардаггүй. Өнгөрөгч сард удирдлага Д.Тулгыг нь Төрийн өмчийн хороо ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан бол мөн сарын сүүлээр Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаанд дахин доголдол үүсч, хоёрдугаар машин нь ашиглалтаас гараад байгаа юм. Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв энэ сарын 7-ны өдөр энэ талаар тодруулга өгөхдөө “Манай эрчим хүчний агентлагийнхан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Даланзадгадын хэрэглэгчид цахилгааны хязгаарлалттай байна... Эрчим хүчний газар, орон нутгийн удирдлагаас зохион байгуулж Дулааны цахилгаан станцын 3мгвт-ын чадалтай шинэ өргөтгөлийг ажил дуусч байгаа. Мөн аваар гарсан хоёрдугаар машиныг энэ хэмжээний чадалтай шинээр солих ажил хийгдэж байна. Өмнөговь аймагт цаг агаар харьцангуй дулаан байгаа. Энэ хугацаанд засварын ажлыг шуурхай хийх хэрэгтэй байгаа. Удахгүй шинэ өргөтгөл ашиглалтад орохоор станцын хүчин чадал нэмэгдээд даланзадгадынхан хэвийн өвөлжих болно” гэж байсан юм.
Харин өнөөдөр 15-ны өдөр. Даланзадгад хот гэрэлгүй байна гэсэн мэдээллийг орон нутгаас ирүүлсэн юм. Мэдээллийн дагуу өөр эх сурвалжуудаас тодруулахад, өглөө, оройдоо хязгаарлалт хийж байгаа. Хязгаарлалтыг яг тэдэн цагт тэгж хийнэ гэж тогтсон зүйл байхгүй. Хуучин станцаа түр ажиллуулж байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Нөхцөл байдлын талаар Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатараас тодруулах гэсэн боловч, утас нь холбогдож болохгүй байгаа юм.
Ер нь бол ашиглалтад орсон цагаасаа л тогтмол доголдож, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг зөрчиж ирсэн гэх мэдээлэл дагуулдаг тус станцын газардуулгын хүрээний зэс голтой кабель утас хулгайд алдагдаж, станцын үйл ажиллагаа нь зогсож байсан нь хэдхэн сарын өмнөх хэрэг билээ. Тухайн үед, газар дээр нь ажиллаад ирсэн мэргэжилтнүүд зэс голтой кабель утасгүй болсон станц өөрийн бүрэн хүчин чадлаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийгээд, эвдэрсэн турбогенераторын статорын ороомгийг БНХАУ-д засуулахад шаардагдаад байсан 260 сая төгрөгийг Засгийн газрын шийдвэрээр гаргуулж байв. Мэдээж энэ удаагийн гэмтлийг засварлахын тулд тодорхой хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа нь дамжиггүй юм. Гэхдээ хэд хэчнээн сая төгрөг зарцуулж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч, дүн өвлийн хүйтнээр орон нутгийн иргэдээ нэмж зутраахгүйн тулд анхаарч, хөрөнгө мөнгийг нь шийдэх нь зайлшгүй юм. Ер нь бол Даланзадгадын дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг сайжруулахын тулд, мөн эрчим хүчний алдагдлыг нөхөх зорилгоор засгаас ихээхэн хөрөнгө мөнгө хуваарилж ирсэн гэгддэг ч халагдсан дарга эрхэм “...төрөөс алдагдлыг нөхөх зориулалттай татаас авдаг. Даланзадгад дулааны цахилгаан станц хэвийн ажил явуулахад жилд 5.2 тэрбум төгрөг шаардлагатай” хэмээн ярьж байв. Тус станцыг Солонгосын зээлээр баригдсан гэдгийг эхэнд өгүүлсэн. Тэрчлэн зээл, зээлийн хүү гээд 1.5 тэрбум төгрөгийн өртэйгөөс гадна, нүүрс нийлүүлэгч “Таван толгой” ХК-д, мөн Нийгмийн даатгал, Татварын байгууллагуудад ихээхэн өртэй станц. Төрд данстай байгууллага учраас бүх өр нь хар дансанд бичигдээд өнөөдрийг хүрсэн газар юм.
Э.Богема
СЭТГЭГДЭЛ БИЧИХ