Хоолны хордлого авсан хүүхдүүд эдгэрч байгаа гэв

img

Урин дулааны улирал ирж хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхэлсэн болон баяр наадам болох гэж буйтай холбогдуулан олныг хамарсан халдвар, хордлого, дэгдэлт гарахаас сэргийлэхийн тулд иргэдийн хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангах, анхаарал, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ, ХӨСҮТ-өөс хамтарсан мэдээлэл өглөө. Тус хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар оролцсон юм.

5

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Гэдэсний халдварт өвчнүүд болох цасан суулга, сальмонеллез, гэдэсний хижжг, кампилобактерийн халдвар, гэдэсний савханцрын халдва, гепатит А буюу халдварт шар зэрэг нь иргэдийн болгоомжгүй байдлаас, хүнсний аюулгүй байдал алдагдсантай холобоотойгоор үүсдэг ба гол төлөв хүнсний байгууллагууд, ажилчдын цайны газар, хүүхдийн зуслан гэх зэрэг цэгүүдэд үүсч, олон хүнийг хамарсан хордлого гардаг. Ундраа зусланд гарсан хоолны хордлого бол хүүхдүүдийг хамарсан гурав дахь томоохон хордлого гэж болно.  ХӨСҮТ-д эмчлүүлж буй 22 хүүхдийн бие байдал сайжирч байгаа.

5

Ер нь гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн хүн тухайн эмчилгээний явцад эдгэрээд гардаг ч цаашид 10 жилд нян тээгч болж үлдэх аюултай байдаг. Эрүүл байгаа мэт боловч тухайн хүний өтгөн, шүлс зэргээр тухайн бактер ялгарч гарч байдаг. Гэдэсний халдварт өвчний эд дэгдэлтийн үе нь зун. Энэ нь зуслангийн үйл ажиллагаа эхэлсэн үеэр харьцангуй нэмэгддэг. Манай улсад гэдэсний 7 төрлийн өвчин бүртгэгддэг бөгөөд хамгийн олон бүртгэгддэг нь цусан суулгын халдвар/нийт бүртгэгддэг халдварын 30 орчим хувь/ болон сальмонеллез/20-30 орчим хувь/-ийн халдварын тохиолдол байдаг. Эдгээр гэдэсний халдварт өвчин нь тухайн нянгаар бохирлогдсон хоол, хүнс хэрэглэснээс, мөн тийм нянгаар бохирлогдсон орчинд байснаас, ахуй хавьтлаар, хоол хүнсээр дамжин хүүхдэд болон бусад хүмүүст халдварладаг байна.

5

ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Энэ жил Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ХӨСҮТ-өөс зуслангийн эмч, тогооч нарт гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулсны үр дүнд зуслангийн эмч нар тодорхой ойлголттой болсон байна. Өнгөрсөн 7 хоногт гарсан хүүхдийн зуслангийн хоолны хордлогын тохиолдлыг тухайн үед бидэнд шууд мэдээлсэн. Ингэснээр ХӨСҮТ-өөс 10 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж, даруй арга хэмжээ авсан. Өнөөдөр хүүхдүүдээ эмчилж, эрүүлжүүлээд байна.” гэлээ. Мөн тэрээр зуслангийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хандан “Нэг талаар зуслангуудад ажиллаж буй эмч нар шуурхай арга хэмжээ авах, мэдээлэх ажлыг сайн хийж гүйцэтгэсэн. Нөгөө талаар олон нийт, зусланд ажиллаж буй нийт хүмүүс өөрсдөө хувийн ариун цэврийг сахих, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах, хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай. Зуслангийн үйл ажиллагаа явуулахдаа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд нэгдүгээрт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орсон, найдвартай, эрүүл хүмүүсийг ажлуулах, дараа нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд онцгой анхаарах нь чухал. Эцэг эхчүүд хүүхдээ амруулах гнэж тухайн байгууллагад даатгаж өгч  байгаа гэсэн үг. Тиймээс хүүхдийн зусланд ажиллаж байгаа хүн бүхэн амрагчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, эцэг эхийн үүргийг гүйцэтгэж байгаа гэдгээ мартаж болохгүй” гэсэн юм.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амрагч:
сургалт зохион байгуулсаны үр дүнд ойлголттой болсон гэж юу ярьцгаагаад байна даа та нар. мэргэжлийн юм бол тэр хэмжээндээ ажиллаж чададгүй юм уу? та нарын энэ хийж зохион байгуулж байгаа ажил хэзээ үндэсээрээ өөрчлөгдөх юм бэ?
2014-07-08