Д.Эрдэнэбат: Үр дүнтэй, халуухан уур амьсгалтай чуулган болж өнгөрсөн
Хаврын чуулганы үр дүнгийн талаарх АН-ын бүлгийн дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан ч УИХ-аар нэмэлт, олон талын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн чуулган болсон. Өмнөх чуулгануудтай харьцуулбал үр дүнтэй, халуухан уур амьсгалтай болж өнгөрсөн. Эцсийн мөчдөө харилцан ойлголцож, зөвшилцсөн хурал болсон гэж дүгнэж байгаа” хэмээн онцлов.
ый
Эдийн засгийг эрчимжүүлэхэд хэрэгтэй гол хуулиудаа амжиж баталсан
АН-ын бүлэг Хаврын чуулганы хугацаанд 18 удаа 89 хувийн ирцтэйгээр нийт 34 цаг хуралдаж, 67 асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар нийт шийдвэрийн төсөл 105, бие даасан 9 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой 61 хуулийг хэлэлцжээ. Мөн УИХ-ын 27 тогтоолыг хэлэлцжээ. УИХ-аас өргөн мэдүүлсэн хууль болон бусад шийдвэрүүдтэй холбоотой ажилд АН-ын бүлэг идэвхтэй сайн, оролцож тухай бүрт нь шийдвэрүүдээ гаргаж ирсэн гэж тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. Харин хаврын чуулганы цагийн 50 хувийг Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудлыг ярьж өнгөрөөсөнд харамсаж буйгаа тэрбээр илэрхийлсэн юм. Үүнээс болж Монгол улсын нийгэм, эдийн засгийн эрх зүйн олон асуудал хэлэлцэгдээгүй орхигдсон гэв. Тиймээс хэлэлцэгдээгүй орхигдсон 20 орчим хуулийн төслийг ирэх намрын чуулганаар нэн даруй батлах шаардлагатай гэв.
й
Тухайлбал намар хэлэлцэх хуулийн төслүүдийн дотор Өрийн удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай хууль, Тендерийн тухай хууль, Хяналтын тухай хууль, Нэмүү өртгийн албан татварын тухай хууль, Татварын шинэчилсэн багц хууль зэрэг багтаж байгаа аж. Гэхдээ Эдийн засгийг эрчимжүүлэхэд хэрэгтэй гол хуулийн төслүүдээ хаврын чуулганаар амжиж баталсан. Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцсэнээс гадна Эдийн засгийн идэвхжлээр нилээн олон асуудыг шийдэж чадсан гэв. Мөн дугаартайгаа шилжих үйлчилгээний эрх зүйн үндсийг бүрдүүлсэн, иргэдийн илгээмжээс гаалийн татвар авдаг байсныг болиулсан, дулааны станцийн тоног төхөөрөмжүүдийг татваруудаас чөлөөлсөн, жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд хэрэгтэй тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн гэх мэт чухал ач холбогдолтой хуулийн төслүүдийг баталж чадсан гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
й
МАН-ийн гишүүдийг бүх байнгын хороодод тэгш хувиарласан
й
Өнөөдөр тулгараад буй эдийн хүндрэл нь хоёр жилийн дотор бий болсон үзэгдэл бус 20 жилийн өмнөөс эхлүүлсэн эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой гэж АН-ын бүлэг дүгнэж байгаа аж. Тиймээс Монгол төрийг сулруулах, иргэдэд айдас төрүүлэх, ард түмнийг талцуулах зэрэг бүх зүйлийг харлуулах гэж оролдож буй ажлуудаа өнөөдрөөс эхлээд зогсоохыг хүсч буйгаа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
й
Тэрбээр энэ талаар “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Шинэчлэлийн засгийн газрын авсан Чингис бондын мөнгөний талаар бусдад буруугаар ойлгогдох мэдээллүүдийг их цацлаа. Чингис бондын өнөөдрийн өр урд, урьдын Засгийн газрын тавьж байсан өрний хоорондын ялгаа маш их байгаа. Урьд бид 2.7 тэрбум долларын өрийг уул уурхайгаа барьцаалж авч байсан. Тэр мөнгөө халамжинд тараагаад дууссан. Энэ өрийг өнөөдөр ч улсын төсвөөс төлөөд явж байна. Харин Чингис бондын мөнгө бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдаж байгаа. Дотоодын зах зээл, бизнес эрхлэгчдээ дэмжсэн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх ажил болон хөдөөг хөгжүүлэх гэх мэт олон ажилд энэ мөнгө хэрэглэгдэж байгаа учраас Чингис бондын өр эргээд ард түмний нуруун дээр ирнэ гэдэг бол худал мэдээлэл юм. Харин эдийн засгийн нөхцөл байдлыг тооцоолоогүй урьдын өр бидэнд хүнд дарамт болох нь гарцаагүй” гэв.
й
Тиймээс эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахын тулд эв нэгдэлтэй байж зөвшилцөж ажиллах цаг нь болсон гэлээ. Хаврын чуулганы үеэр АН-ын бүлэг үндэсний эв нэгдлийг хангаж, ард түмний эрх ашгийн төлөө МАН-тай зөвшилцөж ажиллая гэдэг саналыг илэрхийлсэн байна. Үүний илэрхийлэл болгож чуулганы хаалтын өдөр МАН-ын гишүүдийг бүх байнгын хороодод тэгш хувиарласан гэв. Эдийн засагт үүсээд буй хүндрэлийг даван туулахын тулд зөвшилцөх хэрэгтэй. Тиймээс ч бид сөрөг хүчинтэйгээ зөвшилцөх ажлыг эхлүүлээд байгаа. Харин МАН-д зөвшилцөх зориг дутаад байна гэж АН-ын бүлгийн дарга энэ үеэр хэлэв. Тэрбээр “Бидний өмнө нь гаргасан алдаа ч хамтынх. Ирээдүйд олох ололт ч хамтынх. Тиймээс нэгнийгээ үгүйсгэдэг ажиллагаагаа өнөөдрөөс эхлээд зогсоох хэрэгтэй" гэлээ.
х
АН-ын бүлгийн гишүүд энэ сард амарна
ө
Хэвлэлийн хурлын төгсгөлд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нийт ард түмэндээ хандаж сайхан наадахыг хүслээ. Мөн 90 жилийн ой нь тохиож буй сумдын ард иргэдэд баярын мэнд хүргэсэн юм. АН-ын бүлгийн гишүүд энэ сард амраад наймдугаар сард ажилдаа шаргуу орохоор төлөвлөж байгаа аж. Мөн энэ хугацаанд тус бүлгийн гишүүд тойрогтоо ажиллах юм байна.
ыу
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ