Такси № 92
За ингээд энэ өдийн мэнд. Баяр наадамдаа бэлдээд завгүй байна уу, та бүхэн. Юутай ч завтай нэг нь бас харж хүлээж магадгүй гээд ээлжит бичлэгээ орууллаа. Наадам ойртсон өдрүүдэд өвөрмөц зураглалтай, юм юмтай л тохиолдол учрал буулаа. Таалал орштугай.
.
1.Тас согтуу
Их дэлгүүрийн хажуу байранд байрлах үсчинг зорилоо. Сайн өдөр үсээ засуулчих санаатай явж байсан минь энэ.
Гэтэл ганц би сайн өдрийг мэдсэн биш болж таарлаа. Дүүрэн хүн. Нэлээн суугаад удах шинжтэй болсон тул өөр газар олохоор шийдэж гарлаа. “Алтай центр”-ийн ард тавьсан машин руугаа алхтал замд нэг согтуу хүүхэн голдоо дамжилсан хүүхэн залуу хоёр зөрж таарлаа. Булан тойрч явсан би тэр гуравтай халз тулж согтуу хүүхэнтэй хальт мөргөлдчихөв.
.
Өнөөх хүүхэн хөлчүү нүдээр харснаа “Өө Цогоо хайр минь хүрээд ирлээ” гэж тэврэх гэлээ. Би ч олон юм ярьсангүй тойроод гарах гэж үзэв. Сугадаж явсан залуу араас “Хөөш, чи тэр Цогоо нь мөн юм бол энэ хүүхнээ ав л даа” гэж авч байна. Би ч замаа хөөж холгүй тавьсан машин дээрээ ирлээ. Өнөө гурав согтуугаа голдоо хийн урагшаа төв зам руу гарч байгаа харагдлаа.
.
Машиндаа сууж аваад их дэлгүүрийн баруун талаар төв зам руу эргээд нэг хүн гар өргөхөөр нь автал Сэлбэ явна гэлээ. Зуслангийн зам бөглөө ихтэй байгаа гэж сонссон би няцаж алгаслаа. Дахиад нэг хүүхэн гар өргөлөө. Зогсчихлоо. Тэгээд утсаар ганц мессеж бичиж хэсэг сатаарав. Энэ хооронд ард хоёр хүн сууж урд нэг хүүхэн суучихав. Мессежээ send хийчихээд суусан хэдийг хараад ёстой цочино гэдэг болов. Өнөөх “хайр минь” гээд байсан согтуу хүүхэн дагалдагчдийн хамт багаараа орж ирээд суучихжээ ккк. Би ч цочисхийгээд бас инээд хүрч “Өө за дахиад та гурав уу ккк... За за хаана хүрэх билээ” гэлээ.
:
Овоо хиртсэн футволкон дээр нэлээн гандсан жинсэн хүрэм өмссөн нүүр царай нь нэлээн харлаж ам нь жаахан муруйдуу харагдах хүүхнийг хальт харвал бараг л архичин хүнд гар гэхээр төрхтэй аж. Арын хоёр нь авгай нөхөр бололтой. Амь нэгтэй нэг юм шивнэлдэн суух харагдав.
:
Хүүхэн над руу жаажийн согтуу нүдээр онийн харснаа архи ханхлуулан “Өө Цогоо хайр ирчихсэн юм уу” гээд хүзүүдэх гэж зүтгэлээ.
.
Х -Хөөе би Цогоо биш ээ. Та найз нэлээн согтжээ. Ингэхэд та нар хаа явах билээ. Хурдан хөдлөе гэлээ.
Э/эмэгтэй/ -За чи хайр, мурихгүй шүү. Би мөнгөтэйгээ явж байгаа шүү. Хоёулаа шууд шувуу фабрик явчихья. Энэ хоёр хогийн загнасан шүү. Хариулт мөнгө өгөхгүй байна ш тээ.
Х -Хөөе хоёроо хаа явах юм бэ. Шувуун фабрик бол явахгүй, хот дотроо бол хүргээд өгье.
Н/найз/ -Ганаа чи бид хоёрыг хүргээд өгчих өө.
Э -За ... хоёулаа энэ хоёрыг нэгдүгээр хороололд хаячихаад тэгээд шууд шувуу руу манай гэр лүүгээ гарья за.
Х -Хөөе шувуу явахгүй ээ. За хурдан шийдээ. Нэг бол өөр машин барьчих ах нь ажлаа бодьё.
Э -Ээ хайр мурихгүй шүү.
Н -За за ах Энхбаярын замаар хороолол явчих аа.
.
Би хөдөлж хэлсэн ёсоор Өргөө чиглэлээ. Согтуу хүүхэн элдэв юм хольж ярьж байснаа хэсэг зуур унтчих шиг болж чих амраав. Арын хоёр нэг л сонин юм ч ярихгүй хааяа шивнэчихээд л суугаад байх юм. Бичилийн араар дээш хашаа гудмаар нэлээн сүлжээд нэг хашааны гадаа ирж зогслоо. Урд хүүхэн бүр хурхирч байна.
Арын хоёрын эхнэр нь цүнхээ ухан 5 мянган төгрөг сарвайгаад та манай найзыг нэгдүгээр хороололд хүргээд өгчихөөрэй. Өөрөө гэрээ мэднэ ээ гэлээ.
.
Х -Энэ хүн сэрэхгүй бол төвөг болно оо, та хоёр аваад буу. Архийг нь гарахаар явуулахгүй юу. Гэрээ олохгүй бол тэгээд би эрүүлжүүлэхэд өгөлтэй биш.
Н -Зүгээрээ тийм их уугааагүй ээ ах. Одоо ингээд л сэргэчихнэ гэсэн ээ “би танд ерөөсөө дүүгийнх нь утсыг өгчихье” гээд нэг цаасан дээр утас бичээд сарвайлаа. Нөхөр нь аль хэдийн буугаад хашаа руу морьж харж зогсоо харагдлаа.
Х -Чи бас утсаа өгчихөө. Гэр орноо олохгүй бол буцаагаад аваад ирнэ шүү.
Н -Аанхан энэ миний дугаар 8832..... за баярлалаа.
Х -Ээ энэ хүн сэрэх үү дээ?
Н -... ккк сэрнээ. Таныг “Цогоо хайраа” гээд сүйд байна лээ ш тээ. Иймээ тиймээ зангүй ээ. Одоо архи нь гарчихна. Бид хоёр жоохон хүүхэдтэй болохоор ормоор байна.
Х -За за тэгэхээс дээ. Нэгдүгээр хорооллын яг аль байр юм бэ. Хархорины арын байраа...
Н -За баярлалаа ах...
:
Ингээд авгай нөхөр хоёр гудамж даган уруудаж би эргээд хөдөллөө.
Очтол унтаж архи нь гараг гэж бодоод хүүхнийг сэрээхгүй шиг явсаар Хархорин захын арын зам руу орж зогсоод нөгөө өгсөн дугаар луу нь залгалаа. Согтуу зорчигчийн архины үнэр танар тун горьгүй байсан тул би ч салахын түүс болж эхэллээ. Гэтэл нөгөө утас нь авсангүй. Хүүхнийг сэрээх гэж үзлээ.
:
Х -Хөөе сэрээрэй. Гэрээ заагаад өг дөө...
Э -Аа за за байз, байз л даа чи. Дэлгүүр ороод архи хоол авчих ... гээд хүзүүндээ зүүсэн цүнхээ ухаж байна.
Х -Тийм юм байхгүй ээ. Гэрээ зааж өг, нэг бол нэг рүү нь яриад дууд. Би явья.
Э -Чи хурдан яв л даа. Би бүр болохоо болиод байна ш тээ.... Хөөш одоо хаана байгаан ?
Х -Нэгдүгээр хороолол.
Э -Манайх шувуунд ш тээ ... юу яриад байна аа та нар ...гээд хэсэг байснаа овоо сэргэх шиг болж өндийн ирж ийш тийш харснаа “Оогий тэр хоёр хаачсан” гэлээ.
Х -Тэр хоёр чинь гэртээ буусан таксины мөнгийг чинь өгсөн.
Хүүхэн нэгийг санав бололтой цүнхээ ухсанаа хөөш мөнгө ... мөнгө хаачсан юм бэ.
З -Юу вэ хаана чинь байсан юм бэ?
Э -За гялалзаарай. Мөнгө аваад үлдчихлээ ш тээ хоёр ПИ. Тэр хоёр хаана буусийн. Буцаад очьё хурдан хөдөл. Ёооё аймаар юм аа та нар.
Х -За би нөгөө хүүхэн рүү чинь залгаадахья. /утас нь салсан байна гэж хариуллаа/
Э -Хаана буусан бэ тэр хоёр, буцаад яв л даа.
Х -Чи гэрийнхэн рүүгээ залга л даа.
Э -Утас... утас бас Оогий авсан ш тээ. Шууд буцья. Очоод алаад өгье өө та нарыг.
Х -Ээ чи одоо... ингээд аргагүйн эрхэнд нөгөө хоёрыг буулгасан газар луугаа буцлаа.
:
Замд хүүхэн овоо архи нь гарч хольж хутган байж юу болсон тухайд хальт ойлголт өглөө. Манай хүүхэн нэг найзынхаа мөнгөөр нэхий авч зогсдог гэнэ. Ер нь бол хоёрдогч түүхий эд цуглуулж тушаадаг бизнес хийдэг ба наадам дөхсөн тул том хөдлөхөөр шийдэж нэхий авч эмээлт хавьд зогсож эхэлсэн гэнэ. Өнөөх эхнэр нөхөр хоёртой олон жилийн өмнө Хархорин зах дээр үе үе тардаг байсан наймааны найзууд гэнэ. Өнөөдөр таарчээ. Нөгөө хоёр нь нэлээн нэхий байгаагаа хэлж хамт явж шахахаар болж. Хүн нь ирж явна гэсэн тул хүлээх зуураа уусан нь архидалд болсон бололтой.
.
Уух явцад нөхөр нь мөнгийг нь авч нэхийндээ явж, хоёр хүүхэн хүлээн уужээ. Хүүхэн нэг 500 мянга байсан гээд л нэг сая төгрөг байсан гээд л яриад байлаа. Ямар ч байсан нөхөр нь мөнгийг нь авч яваад эргэж ирсэн. Араас арьс шир ирж яваа гэснээр гурвуулаа үргэлжлүүлэн ууж хүүхнийг дайлж хүүхэн өөрийнх нь хэлснээр шударга ууж тасарчээ. Тасрахаасаа өмнө өөрийн хайрт болох Эмээлт дээр хамт зогсдог залуугаа дуудсан нь өнөөх надтай андуураад байгаа Цогоо гэдэг нь юм байна л даа. Ингээд ер нь бол эхнэр нөхөр хоёр хүүхний мөнгийг сэгсрээд үлдсэнийг нь аваад бултсан юм байна гэж ойлгосон би идэвхи орж нөгөө хоёрыг олохоор буулгасан гудамжиндаа ирэв. Харамсалтай нь тэр гудамжинд байдаг хашааг нь хүүхэн ч, би ч мэдэхгүй байлаа. Би ганц нэг хүнээс Оогий, Цээгий хоёрынх энд байдаг уу гэж асуусан ч сураг гарсангүй, мухардлаа. Мөнгөө алдсанаа мэдсэн хүүхэн дуугай хурааж үе үе хараалд тавихаас цаашгүй болов. Нэг жижиг хуурай салфеткинээс өөр юмгүй хоосон цүнхтэй үлджээ. Ингээд хүүхэн нэгдүгээр хорооллын хойд дэнж дээр нэг айлд бууснаар бид хоёр саллаа. Хүүхэн ч бас айхтар юм. Одоо мөнгө төгрөгөө алдаад яанаа гэхэд. “Тэр чинь миний ч мөнгө биш нэхий ав гэсэн Наяа авгайгийн мөнгө, за яахав алдсан шигээ олно доо муу Пи нар” гээд буулаа...
:
2. “Зарлага” ээж
Хэлмэгдсэдийн хөшөөний урдаас 50 орчим насны эмэгтэй гар өргөлөө. “Ойрхон их дэлгүүр хүргүүлье” гэлээ.
.
З/зорчигч/ -Энэ ойрхон газар такси барих гэж байхгүй юм байна. Чи харин яаж овоо авчихваа. Зам дагуу байсан уу. Би сая Их сургуулийн өмнөөс гар өргөж алхсаар энэ хүрчихлээ ш тээ.
Х -Өө тийн би 4 зам явж байсан юм. Энэ бөглөөнд чи эндээс бараг чигээрээ алчихсан нь хурдан даа.
З -Өө харин хөл тун болохгүй болоод. Түр ч гэсэн хөлөө амраагаад авья гээд. Цэцэг төвөөрөө явчихаарай хө. Би нөгөө Мөнгөн завьяагийн тэнд буух юм. Тэнд үсчинд сууж байгаа нэг хүнд юм өгөх гээд. Хүүхдүүдийн захиас зараанд явах гэж. Настай болсон хүн юу хийх вэ гэх юм. Тэгээд ийшээ тийшээ яваад өг гэхийг нь харахаар хэрэгтэй ч хүн нь юм шиг.
Х -Аан хүүхдүүддээ зарагдаж яваа юм уу?
З -Энэ оффис ажилтай болчихоороо гарах дургүй болчихдог юм шиг байна аа. Тэгээд бас та туфль өсгийтэй юм өмс гээд, оффис албан газар орохоор бас өсгийтэй юм чинь хүнийг бас нэг цэгцтэй харагдуулдаг гэнэ. Тэгээд нэг өсгийтэй юм углачихсан чинь ёстой хөл эргэчих шахлаа. Муу сандаалаа хамт цүнхлээд л гардаг байж... Энэ бичиг баримт зөөдөг улс байдаг гэсэн. Тэд нар ер нь ямар үнэтэй хүргэж өгдөг болоо, чи мэдэх үү?
Х -Ёстой мэдэхгүй шүү.
З -Тэрнийх нь үнийг мэдэж аваад хүүхдүүдээс нэхмээр байна аа. Би ч одоо хэдэн охидын зарлага хийж, зунжингаа явчихлаа ш тээ. Нөгөөдөх нь бүтэлгүй болохоор “ээ, та одоо хөгширчээ” гээд, аятайхан хурдан өгөөд бүтээчихээр “ээж та ёстой яагаа ч үгүй байна. Нэг оффис ажилд орчихмоор юм” гээд л магтаад... Тэгэхээр нь хөөрөөд ингээд хурдан амжуулах гээд такси барьсаар байгаад ... За энэ ажлыг нь амжуулчихаад ёстой больё оо. Ядаж утас цэнэггүй. Одоо энэ хүлээж байгаа хүн нь тэр үсчингээсээ гараад явчихвал би тэгээд олж авахгүй юм болно доо тэ.
_
Тун яриа бас яаруу ажилтай яваа хүүхнийг би хэрэндээ л хурдан явж Мөнгөн завьяагийн араас нь ирж зогсоод буулгалаа. Нэг үсчний газар олохоор туфльнийхээ өсгий дээр халь хальт гишгэн шагайгаа мултлах шахан шогшсоор булан тойрсон хүүхний эрч хүч, сэтгэлээр зүтгэлээр бахархах сэтгэл төрлөө ....
.
3.Хуушуурын баг гарлаа
Хөлс нь цутгасан залуухан хүүхэн тал тал тийш залгаж баахан хүн ажлыг, ганцаараа базаж байна.
_
З/зорчигч/ -За Урнаа чи хаана байна. Юу вэ чи одоо гараагүй байгаа юм уу. Өө боль л доо. Би сая гэр ачуулаад одоо газаа захиалчихья гээд такси бариад явж байна. Нөгөө хэдийг махаа авч бай гээд Барс дээр үлдээчихлээ... Чи яасан ... өө боль л доо юун хөнжил пүүгээ вэ. Хэн унтаж хэвтэх гээд байгаа юм. Хуушуур хийх гэж байгаагаа мэдэж байна уу. Амралтанд яваагүй ш тээ .. за за хурдан гар аа.
Х -За дүү хаана хуушуур хийх нь үү?
З -Аан тийн. Хэдэн юм цуглуулж явах гэж. Хамаг юмыг нь бэлдээд байхаар даврах гэж.
Х -Зөвшөөрөл нь гайгүй, олдох юм уу?
З -Манай нэг найз хэдэн төгрөг хүн хард өгч байж хөөцөлдөөд авсан гэсэн. Би тэрийг нь сайн мэдэхгүй ээ.
Х -Хуушуур хамгийн гүйлгээтэй байдаг байх тэ?
З -Наадмын хуушуур гэхээр үнэр амт өөр болоод ирнэ ш тээ ахаа.
Х -Мах ч ихтэй тэ?
З -Мах хольц нь ч адилхан л даа. Наадмын талбай дээр идэхээр л амттай болоод явчихдаг ш дээ.
Х -Та нар тэгээд одоо гарах гэж байна уу?
З -Өө тийн нэг гэр олж авсан тэрийгээ сая ачуулчихлаа. Би ч анх удаагаа л гарч байна л даа. Цөм хийх юм уу, сөхөрч унатлаа ядраад ирэх юм уу. Яахав тэгээд болох биз ...
.
Жоохон адгуу хүүхэн хороолол хүрээд “Банкнаас хэдэн төгрөг авья, бөөн оочер байгаа байх аа” гэсээр буулаа. Монгол наадмын нэг онцлог болсон наадмын хуушуурыг хийх баг ийн замдаа гарч байгаа юм байна аа.
:
4.Ориг айраг
“За ах таван шар явна аа” гээд суусан залуу замдаа аль нэг газраас 20 литрийн сав авах хэрэгтэй байна гэлээ. Тэгээд удахгүй гэсээр Хархорины хойд талд буугаад зам гарч гүйлээ. Айраг авах гэж яваа гэнэ. 20-оод минут болоод нэг шар сав барьсаар гүйгээд ирлээ.
Замдаа утсаар ярилаа.
.
З/залуу/ -Байна уу. Аан за, ах би таван шар луу явж байна шүү. Та хаана ирж байна. Товчоо өнгөрөөд өө. За за хурдан л ирвэл тэ. За за.
Х -Хөдөөнөөс ирж байгаа хүмүүс юм уу?
З -Тийн. Манай нэг найзын хөдөө талын хүмүүс гэсэн. Би ориг айраг ууя гээд захисан байсан чинь гэнэт залгаад одоо тосоод авчих гээд.
Х -Өө чи тэгвэл их өртөгтэй айраг авч байгаа юм байна даа. Сав тэгээд одоо энэ таксины чинь мөнгө бараг 6 мянга болох нь дээ.
З -Өө харин тэглээ. Гэхдээ энэ нь дээр. Тэгэхгүй бол айраг гэж сайхан аарцтай хольсон ус л авна.
Х -Хотын айраг хэцүү л гэх юм.
З -Өө хэцүү байтугай. Гэдэс дүүрээд, хүүхэд шуухдад амсуулчихвал дараа нь бөөн эм тариа уулгах ажил болно. Ноднин бүр хаширсан. Манай хадам гэж айрганд ёстой орчихсон хүн байдаг юм. Би хоёр газраас айраг авч өгөөд гологдоод өөрөө аваачаад уусан чинь нольд жижүүр хийж өнжсөн ккк. Уудаг улс яг мэддэг юм байна лээ.
Х -Одоо энэ ирж байгаа айраг тэгээд яг найдвартай юу.
З -Энэ найзын садангууд оригоосоо өгөөрэй гэж хэлсэн гэсэн. Би бол амсаад ч мэдэхгүй ш тээ. Гол нь одоо ингээд хотод зах хүрэхээс нь өмнө авчихвал зүгээр сайхнаараа байдаг гэж байна ш тээ. Тэгээд зах ороод ирвэл холио ус ороод хачин болдог гэж байна. Тэгээд ориг байхад нь авах гэж ингэж яарахгүй юу.
Х -Литр нь хэд гэж байна?
З -2500 гэсэн. Бас л чанга байгаа юм шүү. Одоо энэ саваар нэг авахад уудаг 5 хүнд бол юм болохгүй ш тээ. Манай хадам бол сайхан гүзээ. Энэ 20-ийн иймийг бол ганцаараа л ууна.
Х -Монгол наадам хойно айраггүй яаж төсөөлөх вэ дээ тэ?
З -Тнх. Энэ жил ч үнэхээр сайхан зун болж байна даа тэ ах. Та яахав наадмаар халтуураа л хийх үү?
Х -Тэгэх байх аа.
З -Та амарсан нь дээр дээ. Энд тэндээс баахан үнэгүй автобус явах юм билээ. Халтуур хийгээд бараг ашиггүй байх аа. За би ингээд буугаад хүлээе. Та завтай бол хүлээж байгаад аяга айраг амсах юм уу?
Х -За за удах байх аа баярлалаа дүү, ориг айргаа шимээд сайхан наадаарай.
З -За за. Ок ок баярлалаа. Та ч гэсэн гэр бүлээрээ сайхан наадаарай...
.
Наадам баярын настирандаа ориг айрагны амтаар хүч нэмэх гэсэн энэ залуугийн үгээр энэхүү бичлэгээ өндөрлье. Та бүхэн минь сайхан наадаарай. Би залуугийн үгийг дагаж наадмаар амрах талдаа өнжихөөр шийдлээ. Тэгэхээр уншигч та бүхнээсээ амралтын өдрүүдэд такси бичлэг бичихээс чөлөө хүсч байгааг минь хүлээн авна уу. Наадмын дараа сонин ихтэй уулзалцгаая, баяртай манайхаан...
Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, таксич Хоовон Хөх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ