Эх орон
Ө
Энэ өдөр үүр дөнгөж тэмдэгрэхэд наадмын үйл ажиллагаа, уралдаан, тэмцээн, ёслол арга хэмжээнд оролцох хэн бүхэн дээл хувцас, зодог шуудагныхаа эвхээсийг задалж нум, сум, ногт хусуур, хадаг сүү юугаан авч ёс төрийг сахин сүлд хиймороо сэргээж Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт цагтаа ирсэн байгаа. Хурдан буяныхаа гишгэгдэл аяг ааш бүрийг шинжин, унтахаа мартаж уяа тойрсон эр эхний хурдаа тавьж, бариан зурхай дээр хөөрөг зөрүүлж, айраг шимэнгээ морьдын давхиа, газрын бартааг зураглаж суугаа. Энэ нь эх орны хаана ч адил нэг өнгөтэй байх юм.
А
Ижил зүсмийн морьд, өнгө ижил дээлээр гоёсон хос үүрээр мордож хөндийн мананг зүсэж наадмын талбайг зорьсон байгаа. Нэг голын хүүхэн, хүүхдүүдийг бөөндсөн портер, бонго, микронууд шавар усыг гаталсаар цагтаа амжиж сумын төвд ирсэн байгаа. Эдний хажуугаар хоёр дугуйт хурдан мотоциклиороо нарийн тоос босгох айраг ганзагаласан залуус арай түрүүлж, наадмын тойргийг дүүргэсэн биз. Хот суурины иргэд гэр бүлээрээ гоёж, гэгээн цагаан өнгийг түлхүү сонгож, хуушуур шоуны мөнгөө ялгаж салгаж хэтэвчлээд саравчтай малгай, борооны шүхрээ бэлдэж цэнгэлдэхийн шинэ сандал дээр цэмцгэр сууцгаасан байгаа. Их бүрээ татах сүр хүч, туг залах ёслолыг зарим нь гэртээ цэнхэр дэлгэцээр харж суугаа.
Х
Нийтийн тээврийнхэн үүр цүүрээр гарч наадмын хуушуур амтлах завгүй эргэлт тойрог хийж эхэлсэн. Жил жилийн наадамд гэртээ эзгүй байдаг 3600 цагдаагийн алба хаагчид баяр наадмын нийтийн хэв журамыг хамгаалан, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж замын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэхээр жигдэрсэн байгаа. Ард нь Онцгойгийнхон онцгой анхааралтай бэлэн байдалд шилжсэн байгаа бол 103-ийн цагаан халаадтанууд чагнуураа зүүгээд машиндаа суусан байгаа. Өдрийн хуушуур, ус ундаанд зарцуулах томилолтын мөнгөө халаасалж, мандат зүүлтээрээ жигдэрсэн хэвлэл мэдээллийнхэн хамгаалалтын зурвасийг амжилттай давж наадмын сурвалжлагаа дамжуулж эхэлсэн байна.
Х
Төрийн наадамд хүч чадал, хурд бяр, цэц мэргэн, авхаалж самбаа, авьяас зүтгэлээ гаргасан түрүү аварга, тэргүүн магнай, шилдгүүдийг байлах төрийн хишиг 921.2 сая төгрөг, алтан үсэгт өргөмжлөл гэрчилгээний хамт эздээ хүлээж байна.
А
Жилийн дөрвөн улирал шиг өвөрмөц зураглалаар давтагдах ч илүүрхэх бяр, давхих хурд, хөвчлөх таталт, харвах мэргээрээ өөр өөр байдаг Монгол наадмын нар дээшилж, монгол түмний уухай тэгширчээ. Дэлхийд ганцхан Монгол наадам ийн жилээс жилд улам нэмэгдэх, өсөн дэвжих өрнөлтэй байх нь бүхэлдээ ЭХ ОРОН-ТУСГААР ТОГНОЛ–ын сүр хүч, түүнийг бататгах эв нэгдлийг харуулсан их баяр болж харагдана.
О
Газар шороо, тусгаар тогтнол минь үүрд хадгалагдан батжиж, төр улс түвшин байх ахуйд эцэг өвгөд, эх орончдын сүнс баярлаж Монголын минь заяа буян, амны хишиг наадмаас наадамд арвидсаар байх юм. Энэ өдрүүдэд сэтгэлд ойр, сэрэл мэдрэмж төрүүлэх бүхэн, уухай түрлэг, адууны хөлс, айлын бараа, хур бороо, нар сүүдэр, наадмын талбай, аргалын утаа, хүүхдийн гийнгоо, хөгшдийн цайны дээж, зүлэгт ногоон тал, эрээн асар майхан, морин дэл дээр дэрвэх халамцуу эр, охь шимийн хөх дөл, айргийн чимчигнэсэн амт, хөдсөн бойтогтой хөлд орох хүүхэд... энэ бүхэн нийлээд МОНГОЛ ЭХ ОРОН гэсэн босоо бичээс болж байна.
Х
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ