Хүй долоон худагт 12 оюутан цагдаа ажиллаж байна
Нийслэлийн Замын цагдаагийн газар, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөрт 80 гаруй оюутан хамрагдаж, энэ зуны турш оюутан цагдаагийн үүргийг гүйцэтгэнэ. Тэднээс 12 оюутан цагдаа Хүй долоон худагт үүрэг гүйцэтгэж байна.
Тэд хоёр хоёроороо зургаан цэгт ажиллаж байгаа юм. Бидний уулзсан “Абука” МСҮТ-ийн оюутан н.Бат-Амгалан, ЭМШУИС-ийн оюутан н.Жангар нар “Бид жуулчдад болон монгол наадмаа үзэн сонирхохоор ирсэн наадамчин олонд шаардлагатай зүйлээр тусалж байна. Хүмүүс ихэнхдээ газрын байршил гэх мэт зүйлийг асууж байгаа. Мөн жуулчдад мориноос болгоомжтой байхыг захиж байна. Тэгэхгүй бол тэд моринд өшиглүүлэх, дайруулах магадлал өндөртэй байна. Энэ жилийн наадмаар наадамчдад туслахаар оюутан цагдаа ажиллаж байгаад хүмүүс ялангуяа жуулчид сайхан хүлээж авч байна” гэж ярилаа.
Оюутан цагдаа нар өчигдрөөс үүрэг гүйцэтгэж эхэлсэн ба маргааш наадам дуустал Хүй долоон худагт ажиллана.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ