Т.Энхтайван: Хүүхэд их ур чадвар шаардсан спортын тэмцээнд оролцож байна
Хурдан морины уралдаанч хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалахаар Хүй долоон худагт Хүүхдийн төлөө үндэсний газрынхан ажиллаж байна. Бид энэ үеэр тус газрын дэд дарга Т.Энхтайвантай уулзаж ярилцлаа.
5
-Танд баярын мэнд хүргэе. Сайхан наадаж байна уу?
-За баярын мэнд. Сайхан наадаж байна. Та бүхэнд болон хурдан морины уралдаанч хүүхдүүд, тэдний аав, ээж, асран хамгаалагчдад баяр наадмын мэнд хүргэе.
5
-Энэ жил ХТҮГ уралдаанч хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Манай байгууллага баяр наадмаас өмнө нэлээн олон төрийн болон ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Эдгээртэй хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хариуцлага алдсан этгээдэд хариуцлагын тогтолцоо бий болгох зэрэг ажлуудыг хамтран хийгээд явж байна даа.
6
-Хурдан морины уралдаанч хүүхдүүдийг даатгалд хамруулахаар танайх даатгалын компаниудтай хамтран ажиллахаар болсон энэ жил хэрхэн явагдаж байна.
-Өнөөдрийн байдлаар даатгалын гурван компани Хүй долоон худагт үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйлчилгээ явуулахаар санал тавьсан байгууллагуудаас хуулийн дагуу шаардлагад нийцсэн компаниудыг сонгосон. Ингэснээр бидний зүгээс тавьсан шаардлагад нийцсэн, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь эрх зүйн орчинд хангалттай долоон компанийг СЗХ-оос нэрлэсэн байгаа. Энэ жилийн хувьд нөхөн төлбөрийн хэмжээ таван сая болсон. Даатгалын хураамж буурч, үйлчилгээ иргэддээ ойрхон, үйлчлүүлэхэд дөхөм болсон нь харагдаж байна.
5
-Танайхаас уралдаанч хүүхдүүдийн цахим санг бий болгож байгаа. Уяачид үүнд хэрхэн хамрагдаж байна вэ?
-Манай байгууллага 2013 оноос хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахимжуулж эхэлсэн. Энэ удаагийн наадам уяачид өнгөрсөн жилээс илүү өндөр хариуцлагатай байна. Гэхдээ анх удаагаа баяр наадамд морь хурдлуулж байгаа зарим уяач болон бүртгэлийн талаар мэдээлэл дутмаг уяачид хүүхдээ бүртгүүлээгүй ганц, хоёр тохиолдол гарч байна.
6
-ХТҮГ-аас айргийн таван морины уралдаанч хүүхдүүдэд дөрөв дэх жилдээ шагнал гардуулж байгаа. Энэ жил ямар шагнал бэлдэв ээ.
-ХТҮГ бол хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага. Хурдан морь унан уралдаж буй уралдаанч хүүхдэд нэлээн их ур чадвар, ухаан шаардлагатай. Бид хэдийгээр үндэсний уламжлалт баяр гэж үздэг ч угтаа уралдаанч хүүхэд маань маш их ур чадвар шаардсан спортоор хичээллэж, тийм уралдаан тэмцээнд оролцож байна гэсэн үг. Үүнийг нь бид үнэлэх хэрэгтэй. Энэ удаа тэдний амжилтыг батламжилсан гэрэгэ хэлбэртэй батламж, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал болон гарын бэлэг гардуулж байгаа.
6
-Уралдаанч хүүхдүүдэд маань ноцтой эрсдэл учирсан зүйлгүй, уралдаан тайван болж байна?
-Тиймээ. Ер нь тайван байна. Азарганы уралдаанд хоёр хүүхэд унасан. Нэг нь бага зэрэг шалбарсан. Харин өчигдөр дөрвөн хүүхэд мориноосоо унасан. Зөөлөн эдийн хөнгөн гэмтэл авч эмнэлгийн тусламж аваад эцэг, эхийн хяналтад биеийн байдал хэвийн байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Манай байгууллагын харьяа орон нутгийн салбарын ажилтнууд мөн уралдаанч хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг анхаарч ажиллаж байгаа. Уралдаанч хүүхэд хамгаалалтын хувцас хэрэглэлээр бүрэн хангагдсан, даатгалд хамрагдсан зэргийг шалгаад уралдаанд оруулж байна.
6
Б.Буд
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ