Ч.Намсрайжав: Зөвшөөрөлгүй буусан айлын малаас боом өвчин илэрсэн
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 14-ний өдөр хүн, малын гоц халдварт боом өвчин гарчээ. Одоогийн байдлаар уг өвчний шинж тэмдэг илэрсэн дөрвөн хүн ХӨСҮТ-д хэвтэн, эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэ тухай нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга, хурандаа Ч.Намсрайжаваас тодрууллаа.
5
-Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй нутаглаж байсан айлаас боом өвчин илэрсэн гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Тиймээ. Энэ сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумаас “хоёр хүн сэжигтэйгээр, өндөр халуураад байна” гэсэн дуудлага ирсэн юм билээ. Тэгээд тэр хоёр хүнийг ХӨСҮТ-д аваачин, шинжилгээ хийхэд боом болох нь тогтоогдсон. Улсын баяр наадам болон урин дулааны цагаар Төв аймгийн зарим сумын малтай айлууд сүү сүүн бүтээгдэхүүн, мал, мах борлуулах зорилгоор хот руу дөхөж буудаг. Боом өвчин илэрсэн айл нь Төв аймгийн Баянхангайгаас ирээд Эмээлтээс урагш шороон зам дагуу зөвшөөрөлгүй буучихсан байсан. Өчигдөр эмч нар ар гэрийнхэнд нь үзлэг хийхэд 25 настай эмэгтэй, хоёр настай охин хоёроос шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д авчирсан. Ер нь улсын баяр наадмын үеэр иймэрхүү өвчин гардаг. Хоёр жилийн өмнө Төв аймгийн Эрдэнэ сумын айл нийслэлийн бүсэд бууснаас мөн боом өвчин гарч байсан. Үүнээс болж 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, улсаас өчнөөн зардал гаргаж байсан. Азаар тэр үед хүн өвчлөөгүй. Харин энэ удаа бүр дөрвөн хүн өвчний халдвар авлаа.
5
-Өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон байх. Өөр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Боом бол гахайн мялзан, шүлхий зэргээс илүү аюултай, арьс, булчирхай, амьсгалын замаар тархдаг, хүний амь насанд аюултай өвчин. Бид өнөөдөр өглөө энэ тухай хотын даргад танилцуулсан. Энэ сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн онцгой комисс хуралдаж, захирамж гаргасан. Нийслэлийн мал бүхий төвийн таван дүүргийн Засаг дарга нарт Онцгой комиссын даргын албан тоот явуулж байна. Зусланд гүүтэй, үхэртэй айлууд орж ирээд зуслангийн айлуудыг сүү, тараг, айраг зэргээр хангадаг. Тэд бүгд зөвшөөрөлтэй эсэх, хотын мал бүхий айлууд малдаа вакцин хийсэн үгүйг шалгах арга хэмжээг дүүрэг, хороодын ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг шаардаж байна. Хүн ам олноор суурьшиж байгаа газарт боом гарна гэдэг бол маш аюултай. Мах, сүү, арьс, шир худалдаалж буй лангуугаар хүртэл тархдаг.
6
-Өвчний голомтод хэдэн толгой мал, хэдэн хүн байна вэ?
-Голомтод 2-3 айл, 1000 гаруй мал байна. Хааш, хаашаа 1.5 км-т хорио цээр тогтоосон. 1000 гаруй малыг услах, тухайн бүсэд бэлчээрлүүлэх, хорион бүсэд байгаа хүмүүсийг усаар хангах, машин, хоол, унаа, эмчийн үзлэг зэрэг бүх зардлыг улсаас гаргана. Яг хэдэн хүн байгаа зэрэг нарийвчилсан тоо нь өнөөдөр гарна.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ