14 иргэнийг аварчээ
Иргэд "усанд машинтайгаа хөвсөн" дуудлага урд жилүүдийнхээс ихсэж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Иргэд, жолооч нар голын гүүр, гарамгүй газраар гол гарснаас болж голын усанд машинтайгаа хөвөх, цаашлаад живж амь насаа алдах аюултай тулгарч байгаа аж.
Ийм осол нь нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум Цонжинболдогийн орчимд нэлээн их гарч байгаа гэнэ. Баярын амралтын өдрүүдэд нийт 14 хүн голын усанд машинтайгаа хөвж байсныг Онцгой байдлын аврагчид очиж аварчээ.
а
Мөн хотоос гурван удаа Зил-131 машин гарч голд суусан машинуудыг татаж гаргасан байна. “Зил-131 машин нь 100 км-т 65 литр бензин зарцуулдаг ба тэдгээр машиныг татаж гаргах, ирж очихдоо их хэмжээний бензин зарцуулж байгаа. Онцгойгийнхон хийж буй ажилдаа иргэдээс төлбөр авдаггүй. Харин анхааруулга өгөөд, голын ойр орчимд тэмдэг тэмдэглэгээг байршуулаад байхад үүнийг анхаарахгүй, гүүр гарамгүй газраар гол гарахдаа осолд өртөн, Онцгой байдал дуудсан иргэдээс очиж ажилласан аврагчдын хоол ундны, татаж гаргасан машины бензиний зардлыг гаргуулж ажиллая гэж бодож байгаа” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга Ч.Намсрайжав ярьсан.
Түүнчлэн голуудын усны түвшин нэмэгдэж, үертэй байгааг холбогдох газруудаас анхааруулсаар байгаа. Гэтэл иргэд гол гарахдаа хэдхэн зуун метрийн зайд байгаа гүүр, гарамаар гарахаас залхуурч, өөрсдийгөө аюулд оруулсаар байна гэдгийг онцолж байлаа.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ