Визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурлаа

img

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цэрэндоржийн Ганхуяг, Бүгд Найрамдах Болгар Улсын Гадаад хэргийн дэд сайд Димитар Цанчев нар “Дипломат, албан паспорттай иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-т 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Софи хотноо гарын үсэг зурав.

Болгарын талаас Бүгд Найрамдах Болгар Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газрын захирал Димитр Пампулов, тус газрын эксперт хатагтай Мария Попова, Ази, Австрали, Далайн орнуудын газрын дэд захирал Сливен Божанов, тус  газрын Зүүн Өмнөд Азийн хэлтсийн дарга Румен Собев, Консулын харилцааны газрын эксперт Мирена Ценова болон тус газрын ажилтнууд,  Монголын талаас Элчин сайдын яамны Зөвлөх О. Пунцагдаш, Д. Ганболд нар Хэлэлцээрт гарын үсэг зурахад байлцав.

Элчин сайд Ц. Ганхуяг  “...  “1982 оноос хойш мөрдөж байсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Засгийн газар хоорондын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг хоёр талын хүчин чармайлтын үр дүнд өнөө цагийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчилж байгуулснаар Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай манай хоёр улсын хоорондын гэрээ, хэлэлцээрийн сан хөмрөг нижгээдээр нэмэгдсэнд бид сэтгэл нэн ханамжтай байна.

Энэ Хэлэлцээр  нь 60 гаруй жилийн найрамдалт, түүхэн уламжлалт харилцаатай манай хоёр улсын иргэд харилцан зорчих журмыг боловсронгуй болгоход зохих хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэл төгс байна” хэмээн онцлон хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ