Монгол, Японы бизнес форумд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй албаны хүмүүс Япон улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн Монгол, Японы бизнес форум өнөөдөр боллоо. Форумд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу КЭЙДАНРЭН-гийн Ерөнхийлөгч С.Сакакибара үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ "Бүс нутагтаа хамгийн сайн харилцаатай улсууд бол Монгол, Япон. Тиймээс ч миний энэ удаагийн айлчлал хоёр орны бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд бүхэлдээ чиглэгдэж байгаа" гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр "Японы буцалтгүй тусламж энэ оноор дуусгавар болж байна.Одоо манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагааны шатанд ирлээ. Японы жирийн иргэдийн төлсөн татварын мөнгө Монголын ард түмэн хэцүү хүнд цагийг даван туулж, Монголын хөгжилд маш чухал дэмжлэг болсон. 1990-ээд онд дөнгөж төрсөн унага шиг Монгол өнөөдөр бие жагссан агт болжээ. Сүүлийн 10 жилд Монголын ДНБ хэд дахин өслөө. Эдийн засгийн гол түшиг тулгуур болсон хувийн хэвшил маань хөл дээрээ зогслоо. Одоо хувийн хэвшилдээ түшиглэн хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах цаг ирлээ. Тийм ч учраас өнөөдөр энд бид энэ уулзалтыг хийж байна” хэмээн хэллээ.
5
Бизнес форумд Монголын талаас эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүд болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих төслийн талаар танилцуулсан юм. Үүний дараа Монгол Японы бизнесийн салбар, хэрэгжүүлэх төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлснээр форум өндөрлөлөө.
5
Ерөнхийлөгч өнөөдөр 17.00 цагт Японы Ерөнхий сайд Шинзо Абе-тай уулзаж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна.
ө6
Г.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ