Ц.Мөнхбаяр, С.Дашцэрэн нарыг нийслэлд авчирсан шалтгаан юу вэ
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэн нарын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдсан. Тэгвэл өнөөдөр “Гал үндэстэн” холбоо, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
а
Энэ үеэр Ц.Мөнхбаярын бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Харин С.Дашцэрэн эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа гэдгийг онцолсон. Өнгөрөгч баасан гариг буюу энэ сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын харьяа хорих 423-р ангиас, С.Дашцэрэнг Дархан-Уул аймаг дахь хорих ангиас Улаанбаатар хотод авчирчээ. Тэднийг Зайсан дахь дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангид хорьж буй аж.
а
“Гал үндэстэн” холбооны таван гишүүн нь Хархорин, Дархан хотын болон Амгалан, Ганц худагийн хорих ангиудад 10 сарын хугацаанд ял эдэлж буй ба тэдний амь насанд аюул учирвал хариуцлагыг төрөөс нэхнэ гэж тус холбооны гишүүд хэвлэлийн хурлын үеэр хэлсэн.
а
Я.Цэрэнханд: Ц.Мөнхбаярт хүчээр шинжилгээ хийх гээд байна
а
Энэ үеэр Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, зохицуулагч Я.Цэрэнхандаас зарим зүйлийг тодрууллаа.
ө
-Ц.Мөнхбаяр, С.Дашцэрэн нарыг авчирсан шалтгааныг хоёр өөрөөр тайлбарлаад байна гэлээ.
-Тийм. ШШГЕГ-ын даргатай утсаар холбогдоход “тэдний хорих ангийг нь солих гэж авчирсан” гэсэн. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “эмчилгээ, эмнэлгийн тусламж үзүүлэх” гэж Улаанбаатарт ирүүлсэн гэж тайлбарласан. Ер нь хэн ямар шийдвэрээр энд авчирсан гэдэг тодорхойгүй байна.
ө
-Хоригдож байгаа таван хүнээс хэн нь эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа юм бэ?
-“Ганц худаг”-т хоригдож байгаа Ж.Ганболд ах хавагнаад байгаа ба бөөр өвдсөн байж магадгүй гэж таамаглаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн. Харин С.Дашцэрэн ахын бие өвдсөн. Дарханы хорих ангийн эмнэлгээс “элэгний өвчин” гэсэн анхан шатны онош тавьсан байна лээ. Нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа ба өнөөдөр нэгдүгээр эмнэлэг дээр авчирч үзүүлнэ гэсэн одоо хүртэл ирээгүй л байна гэнэ. Хамгийн хачирхалтай нь нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулна гээд төлбөрийг нь биднээс нэхэж байгаа. Эмчилгээ, оношилгоог нь хийлгэчих гээд бид чадахаараа л үзэж байна.
ө
-С.Дашцэрэнд тариа хийснээс болж бие нь өвдсөн гэсэн.
-С.Дашцэрэн ахын ходоод нийслэлд ирснээс нь хойш өвдсөн гэнэ лээ. Тэгээд “ходоод өвдлөө” гэхэд нь “ходоодонд чинь сайн тариа хийж өгье” гээд нэг тариа хийсэн гэсэн. Гэтэл яг тэр тариа хийсэн газраас нь өвдөж эхэлсэн гэж байгаа. Бас бие нь эрүүл эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагагүй Ц.Мөнхбаяр ахыг шинжилгээнд хамруулна, эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ гэх сонин байгаа юм. Шинжилгээнд хамрагдахгүй бол “доош нь хийнэ” гэж сүрдүүлж байгаа гэсэн. Тэрбээр “би эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагагүй харин өвчтэй байгаа Ж.Ганболд, С.Дашцэрэн нарт тусламж үзүүл. Шинжилгээ өгөөгүй гээд намайг “доош нь хийсэн” ч хамаагүй” гэж байна лээ.
х
-ХЭҮК-д хандсан уу?
-Өмнө нь хэрэг шүүхийн шатанд байхад хандахад шүүхээр шийдвэрлэж байгаа асуудалд шууд оролцох боломжгүй. Явцын дунд ажиглана гэж хэлсэн. Хоёр хүнийг энд ирснээс хойш бид ХЭҮК болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад хандсан. Мөн бид “Альянс” төвд хандахад ХЭҮК руу утасдаж “Та нар хүний эрхийг хамгаалж үйлчлэх ёстой. Шинжилгээнд орох хүсэлгүй байгаа хүнийг хүчээр хамруулах гээд байгааг нь хүний эрх зөрчсөн гэж үзнэ. Энэ асуудалд анхаараач” гэж хэлэхэд ХЭҮК-оос “судалж үзье” гэсэн хариулт өгсөн. Бид 2011 онд хандаж байсан. Тэгэхэд “бид улс төрөөс хараат” гээд хөдлөөгүй.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ