Төсөл батлагдвал 16,6 км хатуу хучилттай замыг шинэчлэнэ
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.
Төсөл батлагдвал нэмэлт зээлийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон хүртэлх 16,6 км хатуу хучилттай замыг шинэчлэнэ. Ингэснээр тухайн орон нутагт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийслэлд саадгүй авчирч хүн амын хэрэгцээнд нийлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байгаа аж.
“Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөл нь сумдын авто замын тээврийн дэд бүтцийг шинэчлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хотын хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангах, байгаль орчныг хамгаалах, импортын хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдгийг багасгах зорилготой юм.
Төслийн өмнө авсан 4,5 сая еврогийн зээлээр Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.72 км авто замыг шинэчлэнэ. Нийт 7 сая еврогийн санхүүжилт бүхий зээлийн эргэн төлөх хугацаа 40 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилийн 0,75 хувь юм.
Ц.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ