“Буянт-Ухаа” хорооллын инженерийн шугам сүлжээг хүлээлгэн өглөө
Хот төлөвлөлтийг нийслэлийн хоёр зах руу тэлж төвлөрөлийг сааруулах бодлого баримталж байгаа ч дэд бүтэц, цахилгаан, дулааны асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх нь хамгийн чухал асуудал билээ. Гэхдээ шинэ орон сууцны хорооллуудыг хотын баруун зүүн тийш тэлж байгаа ч уг сонгосон газруудад бэлэн инженерийн шугам сүлжээ байхгүй, түүнчлэн хуучин дэд бүтэц ачааллаа даахгүйд хүрээд байсан юм.
6
Засгийн газраас энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэж “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан юм.
6
Тэгвэл энэхүү зорилтын нэг болох Буянт-Ухаа хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг хүлээлгэн өгөх нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын ерөнхий менежер , Хөгжлийн банкны захирал Ж.Мөнхбат, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Дэд бүтэц төслийн захиралБ.Ариунболд зэрэг албаны хүмүүс оролцлоо.
6
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны 286 дугаар тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 8,9,10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 170 га талбайд Буянт –Ухаа хороолол баригдах юм.
6
Тус хороололд дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээ баригдсанаар орчин үеийн тохилог 15 мянган айлын орон сууцны барилга, 7500 хүүхдийн сургууль, 3750 хүүхдийн цэцэрлэг, 60 ортой ахмадын эмнэлэг, өдөрт 1315 хүнд үзлэг хийх өрхийн эмнэлэг, 300 ортой төрөх эмнэлэг, төрийн байгууллагууд, их сургууль болон спорт цогцолборын 5-21 давхар бүхий барилга обьектууд шинээр баригдахаар төлөвлөгдсөн билээ.
6
Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж буй энэ ажлуудын үр дүнд хүн амын орон сууцны хангамж, хүртээмж нэмэгдэн, Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдол багасан, нийслэлийн хүн амын 30 хувь нь хотын цэвэр орчинд, шинэ тохилог, орчин үеийн иж бүрэн орон сууцны хороололд амьдрах боломж бүрдэх аж.
6
Барилга хот байгуулалтын яамны харъяа “Дэд бүтэц” төслийн нэгжээс 200 га талбайг хамарсан Буянт-Ухаа орон сууцны хороололд инженерийн дэд бүтцийн 9 багц ажлыг 59.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа юм. 8 ажлыг нь 10 сарын дотор амжилттай хэрэгжүүлэн дуусгаад байгаа нь энэ аж. Төслийн нэгжийхэн мөн Буянт-Ухаа орон сууцны хороололд цахилгаан хангамжийн 2 хувиарлах байгууламж, 250-630кВ-ын хүчин чадалтай 25 хаалттай дэд станцын барилга, тоног төхөөрөмжийн хамт, 27 км кабель шугам угсарч монтажлах ажил, дулаан хангамжийн 10 ус дулаан дамжуулах төвийн барилга, цэвэр ус хангамжийн 20 гүний худаг, 2800 м3-ийн багтаамжтай 2 усан сан, Ф110-315 мм-ийн диаметртэй 18.2 км урт шугам хоолой угсарч монтажлах ажил, бохир ус хангамжийн 2 насос станц, Ф150-600 мм-ийн диаметртэй 14.1 км урт шугам хоолой угсарч монтажлах ажлуудыг тус тус амжилттай хийж гүйцэтгэжээ.
6
Энэхүү бүтээн байгуулалтын ажлуудыг гардан гүйцэтгэж байгаа “Дэд бүтэц” төслийн хүрээнд 26 ажлыг хариуцан хэрэгжүүлэхээс 2013 онд 14 ажлыг, 2014 онд 12 ажлыг тус тус хэрэгжүүлж байгаа аж. Эдгээр инженерийн шугам сүлжээний ажлууд цөм Чингис бондын хөрөнгөөр хийгдэж байгаа ба Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжиж байгаа юм байна. Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20 000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2015 онд бүрэн ашиглалтанд хүлээлгэж өгөх ажээ.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ