Канадаас тусламж авах орнуудын жагсаалтад Монгол багтжээ
Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хүлээн авч, уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс нь Канад Улсын Засгийн газраас хөгжлийн албан ёсны дэмжлэг үзүүлэх орнуудын жагсаалтад багтсаныг дуулгажээ. Тодруулбал тус улсын Засгийн газар нь хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор таван жил тутамд 20-25 улсыг сонгон, хөгжлийн тусламж үзүүлдэг байна. Канад Улсын Засгийн газраас 2014-2019 онд хөгжлийн тусламж үзүүлэн, хамтран ажиллах 25 орныг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан бөгөөд тус жагсаалтад Монгол Улс анх удаа багтжээ.
Жагсаалтад багтсан орнуудад Канадын Засгийн газар гадаад оронд үзүүлэх хөгжлийн тусламжийнхаа дийлэнхийг зориулдаг байна. 2013 онд тус улсаас гадаад оронд үзүүлсэн нийт 5.2 тэрбум ам.долларын тусламжийн 80 гаруй хувийг өмнөх жагсаалтын 20 орон авчээ. Харин энэ удаагийн жагсаалтад багтсан 25 орон Канад улсын Засгийн газраас ирэх 5 жилд гадаад оронд үзүүлэх хөгжлийн нийт тусламжийн 90 орчим хувийг авах аж.
2014 онд баталсан 25 улсын жагсаалтад Ази тивээс дараах улсууд багтжээ. Үүнд:
1. Афганистан
2. Бангладеш
3. Индонез /шинээр нэмэгдсэн/
4. Монгол Улс /шинээр нэмэгдсэн/
5. Мьянмар /шинээр нэмэгдсэн/
6. Филиппин /шинээр нэмэгдсэн/
7. Вьетнам
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ