Гандангийн дэнжээс 261 зоосон мөнгө, мөнгөн ембүү олджээ
Нийслэлийн ойр орчмоос эртний эдлэлүүд цөөнгүй олддог бөгөөд тухай бүрт мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан судалгаа шинжилгээний ажиллагаа явуулдаг. Ингэснээр тухайн эд зүйлсийг хэдий үеийнх хэн хаана хаагуур хэрэглэж ашиглаж байсан зэрэг түүхэн мэдээллийг тодорхойлдог юм.
6
Тэгвэл саяхан буюу энэ сарын 21-22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандангийн дэнжид амьдардаг иргэн Б хуучин байшингийнхаа сууринаас их хэмжээний зоосон мөнгө, мөнгөн ембүү олсон аж. Тодруулбал, иргэн Б хуучин байшингаа нураан шинээр байшин барихаар газар шорооны ажил хийж байх үед газрын хөрсөн доороос вааранд хийсэн их хэмжээний зоос гарч ирсэн байна.
6
Уг олдворыг хуулийн дагуу холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр зоос нь Хятад улсын худалдаа наймаанд ашиглаж байсан ионшгойд гэх зоос байж болзошгүй гэдгийг албаныхан хэлж байна. Энэхүү 261 ширхэг зоосон мөнгө болон мөнгөн ембүү зэрэг нь хэдий үеийнх болохыг тогтоохоор холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа учраас одоогоор Соёлын өвийн төв болон ССАЖЯ зэрэг төрийн байгууллагуудаас мэдээлэл өгөх боломжгүй гэж байна.
6
Иргэний үүргээ ухамсарлаж эртний байж болзошгүй түүхийн дурсгалт үнэт зүйл олбол холбогдох төрийн болон судалгааны байгууллагуудад өгвөл урамшуулал авдаг хуулийн заалт бий. Тухайлбал, Иргэний тухай хуулинд тухайн олдсон үнэт зүйлсийг нь үнэлээд нийт үнэлгээнийх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог юм байна. Иргэн Б-д энэхүү хуулийн заалтын дагуу мөнгөн урамшуулал олгоно гэдгийг холбогдох албаныхан мэдэгдсэн ажээ.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ