Батмөнх даян хааны 550 жилийн ойг тэмдэглэв
Батмөнх даян хааны мэндэлсний 550 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн баяр наадам өчигдөр өндөрлөсөн байна. Ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Архангай аймгийн харьяат, Монгол улсын гарьд Б.Рагчаа, Завхан аймгийн харьяат Монгол улсын гарьд Б.Гончигдамба, Архангай аймгийн харьяат, аймгийн заан П.Баярхүү, Архангай аймгийн харьяат аймгийн начин А.Отгонбаатар нар шалгарсан аж. Үзүүр түрүүний барилдаанд Архангай аймгийн харьяат, аймгийн заан П.Баярхүү түрүүлж, Архангай аймгийн харьяат аймгийн начин А.Отгонбаатар үзүүрлэсэн байна. Харин Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдсан Өмнөговь аймгийн бөхчүүдэд Аймгийн Засаг дарга захирамж гарган Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат О.Хэрлэн, Баяндалай сумын харьяат н.Төгсдөлгөөн, Дундговь аймгийн харьяат Дашдондов нар Аймгийн начин цол олгожээ.
й
Хурдан морьдын уралдаан азарганы уралдаанаар эхэлсэн байна. Азарганы уралдаанд 48 хүлэг тоосоо өргөснөөс Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Б.Мөнхсайханы загал түрүүлж, хонгор үрээ нь аман хүзүүдсэн байна. Шүдлэн насны морьдын уралдаанд 94 хүлэг уралдсанаас Баяндалай сумын Р.Батбаярын буурал түрүүлж, шарга нь аман хүзүүдлээ. Их насны морьдын уралдаанд 68 хурдан хүлгүүд тоосоо өргөснөөс Номгон сумын Т.Ганжаргалын хул түрүүлж, Дундговийн Хулд сумын Д.Эрхэмбаатарын хул аман хүзүүджээ. Хязаалан насны морьдын уралдаанд 81 хүлэг тоосоо өргөснөөс Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач Ш.Баянбатын сартай зээрд түрүүлсэн байна.
й
Үндэсний сурын харвааны төрөлд Насанд хүрэгчдийн эрэгтэй харваачдаас Улаанбаатар хот, Хангарьд спорт клуб “Гложекс” ХХК-ийн харваач, Монгол улсын мэргэн, спортын мастер Б.Ёндон түрүүлсэн бол насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, НХҮХ-ийн харваач, Спортын мастер О.Чинзүрх тэргүүлсэн байна. Харин өсвөр үеийн эрэгтэй төрөлд Ханхонгор сумын харьяат, 1-р сургуулийн 10в ангийн сурагч Ч.Мөнхболд түрүүлж, эмэгтэй төрөлд Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, өсөх идэр мэргэн, спортын мастер Н.Энэрэл тэргүүлжээ.
й
Сонирхуулахад, ойн баярын өмнөхөн тус аймгийн Хүрмэн сумын нутагт төрсөн гэж Монголын эрдэмтэн, судлаач, түүхчид тогтоосон Монголын төрийг 47 жил удирдсан Батмөнх даян хааны хөшөөний нээлт Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд болсон аж.
й
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ