Эрч нэмэх айлчлал
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 21-24-нд Япон улсад ажлын айлчлал хийсэн нь төрийн тэргүүний хувьд албан ёсоор хоёр дахь удаагаа Японд очсон хэрэг юм.
.
Ц.Элбэгдоржийг Японы улс төрийнхөн ардчиллын анхдагчдын нэг, байгаль орчны асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэдгээр төсөөлдөг байсан бөгөөд 2010 онд төрийн айлчлал хийхэд нь ардчилсан ерөнхийлөгчийнх нь хувьд парламентдаа үг хэлүүлж байсан билээ. Байгаль орчны талаар идэвхтэй ажилладаг ерөнхийлөгчийнх нь хувьд Токиогийн Их Сургуульд лекц уншуулж, аялалын хөтөлбөрт эртний нийслэл Киото хотыг сонгосон нь санаандгүй зүйл биш байсан биз. Уламжлалт түүх, үзэсгэлэнт байгалиас гадна Киотогийн протоколтой ч холбож ийм хөтөлбөр зохиосон байх магадлал ч маш өндөр.
:
Хоёр дахь удаагаа албан ёсоор айлчилж буй ерөнхийлөгч сүүлийн нэг жилийн хугацаанд Япон улсын ерөнхий сайд Абэтэй (утсаар ярьсанаа оролцуулан) тав дахь удаагаа уулзаж байна. 2013 оны гуравдугаар сард Япон улсын ерөнхий сайд Монголд айлчлахдаа хоёр орны харилцаан бүх талаар өргөжүүлэн бэхжүүлэх “Эрч” санаачилгыг дэвшүүлсэн. Намар нь Ц.Элбэгдорж НҮБ-ын чуулганаас буцах замдаа Абэ Шинзогийн албан өргөөнд нь бус гэрт нь уулзаж байсан юм. Тэр үед Абэ фэйсбүүкдээ ингэж бичиж байв: "Би гэртээ зочин хүлээж авах нь их л ховор. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржтой гэртээ энгийн сайхан уулзлаа. Монгол бол эрх чөлөө, ардчилал гэсэн нийтлэг үнэт зүйлтэй манай чухал түнш орон юм. Яг уулзаж байхад маань Ёкозүна Хакүхо эзэн хааны цом гардан авч таарлаа. Бөх бат харилцааг бий болгоход албан ёсны уулзалтаас гадна, төрийн тэргүүнүүдийн хувийн харилцан итгэлцэл, соёлын болон иргэд хоорондын маань ардын дипломат харилцаа чухал."
Энэ удаад “эрч +” гэсэн үгийг Абэ хэрэглэв.
Хоёр ерөнхий сайдын хамтарсан мэдэгдэлд гурван зүйлийг онцоллоо.
.
1. И Пи Эй буюу эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.
2. Ил тод, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад Япон улс дэмжин тусална.
3. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалыг хангахад хоёр тал хамтран ажиллана.
.
Япон улсын хувьд Монгол Улс “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулж буй 15 дахь улс болж байгаа бол (дашрамд дурдахад 14 дэх нь болсон Австрали улстай өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан), харин Монгол Улс ийм төрлийн хэлэлцээр Японтой анх удаа байгуулах гэж байна.
.
Энэ хэлэлцээр юу өгөх вэ? Харилцан бараа бүтээгдэхүүндээ татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна иргэд хооронд зорчих явдлыг хялбарчлах, хөрөнгө оруулалт, оюуны өмчийг хамгаалах зэрэг өргөн ач холбогдолтой юм. Жишээ нь энэ хэлэлцээр батлагдвал, Монголоос Япон руу ноолууран бүтээгдэхүүн экспортлоход 11 хувийн гаалийн татвар төлөхгүй болно гэсэн үг.

.
Ц.Элбэгдорж улс орноо Японд сайн сурталчилж, зөв ойлгууллаа. Хэлсэн үгнүүд нь хоорондоо уялдаа холбоотой, тогтвортой байдал, давтамжын балансыг зөв барьсан байлаа. Японы парламентийн гишүүд 2010 онд хэлсэн үгийг нь их тод санахаар барахгүй өөрсдийн үгэндээ ч иш татаж байв. Монгол-Японы эдийн засгийн форум, мөн ”Монголын үдэш” арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ “Манай хоёр орны харилцаа бол онцгой харилцаа ”гэдгийг дахин дурдсан байна.:
-Монгол болон япон хүмүүс аль аль нь ялгаагүй энэ газар дэлхийд “тэнгэрийн тамга”-тай төрцгөөдөг. Манай хоёр орон энэ бүс нутагт хамгийн нөхөрсөг сайн харилцаатай хоёр орон юм гээд ардчилал, зах зээлийн замыг сонгон амаргүй шилжилт хийж ирсэн 20 жилийн хугацаанд хамгийн ихээр тусалж дэмжиж ирсэн Японы ард түмэн, Засгийн газарт монголчууд талархалтай ханддагаа Монголын ерөнхийлөгч илэрхийлжээ.
:
Ц.Элбэгдоржийг дотооддоо хэтэрхий PR-чин гэж шүүмжилдэг. Харин нэгэн бизнесмэн түүний тухай ийм өнцгийн дүгнэлтийг ”Мань хүн бол Монгол Улсын маш сайн маркетинг, сурталчилгааны алба юм. Түүний үр дүнтэй гадаад айлчлалын араас харин засгийн газар, яамдууд, элчингүүд харин сайн ажиллах хэрэгтэй” гэж дүгнэхтэй ч таарлаа.
:
Товчхон дүгнэхэд, “нүдээ олсон” дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Япон улсад манай ерөнхийлөгч “цагаа олсон” айлчлал хийлээ. Айлчлалын товыг эртнээс хоёр улсын ГХЯ дууд ярилцаж тохиролцсон нь мэдээж. Япон-Хятад, Япон-Орос, Япон-Хойд Солонгосын харилцаанд “асуудлууд” бий. Монгол бол энэ орнуудтай олон жил “эвтэй найртай” амьдарч сурсан улс. Олон тулгууртай байх гадаад бодлогын сонирхолтой Монгол орны хувьд Япон улстай өндөр түвшний хамтын ажиллагаа бий болгох нь манай гадаад бодлогын тэнцвэрт чухал.
:
Улс төрийн түвшинд гар барих чухал хэдий ч араас нь ажил болгоход ёстой л хувь хувьсгалийн байгууллагууд нэг дуутай, нэг бодлогоор хандах нь бүр ч илүү чухал юм. Илүү эдийн засгийн, тэнцүү санаачилгатай харилцааны хүлээлт хэн хэнд маань байна. Япон мэт “иж бүрэн түншлэл”, ”стратегийн түншлэл” бүхий томоохон гүрнүүдийг бид гуравдагч хөршөө гэдэг. Монголын гадаад харилцаа Орос, Хятад зэрэг мөнхийн хөршүүдээ оролцуулаад, адаглаад адил тэнцүү талтай “гурвалжин” болж тэнцвэржээд, алс хэтдээ гурав дахь хөршүүдийн маань тал илүү том, илүү ойрхон баймаар санагдана.:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ