Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийлээ

img

Монгол Улсын гуравдагч хөрш болох Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх шаардлагын хүрээнд Япон Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон. Хоёр орны эдийн засаг бие биеэ харилцан нөхөх бүрэн боломжтой бөгөөд энэхүү хэлэлцээр нь хоёр орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна.

й

Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай байгуулах хэлэлцээг Эдийн засгийн хөгжлийн яам ахлан холбогдох яам, газрын шинжээчдээс бүрдсэн баг нийт 7 үе шатны хэлэлцээг 2012 оноос хойш Улаанбаатар, Токио хотноо тус тус хийж, энэ сарын 21-ний өдөр Монголын талаас ахлагч Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, айлын талаас ахлагч Парламентын гишүүн, Гадаад хэргийн дэд сайд Сеижи Кихара нарТокио хотноо гарын үсэг зурсан байна.

й

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бий болгох ач холбогдолтой. Хэлэлцээрийг байгуулснаар Японоос импортолж байгаа машин, техник, тоног төхөөрөмж, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, жимс зэрэг зарим хүнсний бүтээгдэхүүн, харин манай улсаас экспортолж байгаа ноос, ноолуур, савхин эдлэл, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, гоймон, давс, аарцны ундаа зэрэг хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр болон гаалийн татваргүй тус тусын зах зээлд нийлүүлнэ.

й

Манай улсын хувьд тус хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Япон болон бусад орны хөрөнгө оруулалтыг татаж, нэмэгдүүлснээр дэвшилтэт техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар хоёр орны эдийн засгийг интеграцчлах нь эдийн засгийн хийгээд улс төрийн ач холбогдолтой юм. Түүнчлэн манай бараа, бүтээгдэхүүний чанар, стандарт дээшлэх, улмаар гадаад зах зээлд манай барааны өрсөлдөх чадвар нэмэгдэх, үйлчилгээний чанар, сонголт нэмэгдэх, улмаар үнэ буурах зэргээр хэрэглэгчид илүү үр ашигтай байна гэж тооцоолж байна.

й

Үйлчилгээний худалдааны зах зээлийг илүү нээснээр мэдээлэл технологийн инженер, сувилагчид зэрэг гэрээгээр ажиллах мэргэжлийн ажилтан, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид Япон Улсад зорчих, бизнес эрхлэх зорилгоор нэвтрэх илүү таатай орчин бүрдэнэ. Тухайлбал, визийг 1 жилийн хугацаагаар авах зэрэг. нөгөө талаас, Япон Улстай хөдөө аж ахуйн, үйлдвэрлэл, дэд бүтэц, уул уурхай, боловсрол, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой томоохон төслүүдийг техникийн туслалцааны хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн стандарт, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллаж, бараа, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хамтын ажиллагааны хүрээнд мөн өрсөлдөөн, оюуны өмч, цахим худалдааны чиглэл хамарна.

й

Хөрөнгө оруулалтыг татахад хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг илүү таатай болгох талаар харилцан тохиролцов. Тухайлбал, хөрөнгө оруулалтын орчинг илүү тогтвортой болгох, хөрөнгө оруулагчид бүртгүүлэх, ялгавартай хандахгүй байх, дарамтыг багасгах, маргааныг олон улсын жишгээр шийдвэрлэх зэрэг нөхцөлүүдийг тохирлоо.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ