Хамтын ажиллагааны гэрээг гурван жилээр сунгажээ
Эрүүл мэндийн яам, Япон Улсын Сисмекс корпораци хоорондын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. Уг гэрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал Масаёши Хаяши нар гарын үсэг зуржээ. Эрүүл мэндийн яам, Япон улсын Сисмекс корпорацитай 2008 онд “Монгол улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх” чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг 2014-2017 он хүртэл дахин гурван жилээр сунгасан нь энэ.
а
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, "Манай эрүүл мэндийн салбарын чухал хэсэг болох оношлогоо, шинжилгээний чанарыг сайжруулах , эмч мэргэжилтнүүдийг сургах үйлсэд та бүгдийн оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтыг бид үнэлж, хамтран ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байдаг юм. Эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааны үр дүн болон үр ашиг нь найдвартай лабораторийн шинжилгээ, оношлогооноос шууд хамааралтай. Энэхүү нотолгоонд суурилсан лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулах бидний 2010-2015 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа том алхам болно гэдэгт итгэлтэй байна" хэмээжээ. Харин Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал Масаёши Хаяши "Бидний өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хийсэн ажлыг өндрөөр үнэлж байгаад баярлахын зэрэгцээ ирэх гурван жилд өндөр үүрэг хариуцлагыг хүлээн авч буйгаа мэдэрч байна. Монгол-Япон хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэг бол бид бүхний бахархал юм" гэсэн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ