Л.Гансүх "Энэ бол Засгийн газрыг унагаах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн захиалга"
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих төвд саатуулагдаад гурав хонож байна. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж, улмаар өнгөрсөн сарын 29-нд хорьсон юм. Л.Гансүхийг саатуулагдсаны маргааш өмгөөлөгч Л.Цэндсүрэн нь түүнтэй уулзах гэж очсон ч тэднийг уулзуулаагүй. Энэ асуудлын талаар болон Л.Гансүхийг цагдан хорьсон нь хууль ёсны үйлдэл мөн үү гэдэгт байр сууриа илэрхийлэхээр өмгөөлөгчид мэдээлэл хийлээ. Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хуралд Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, Ц.Баасандорж, "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "Эм Жи Эл Эс Би" компанийн нягтлан Мөнгөнтуяа, Даваахүү нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нар мэдээлэл хийсэн юм.
ө
Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн: Нэгдүгээрт Л.Гансүхийг цагдан хорьсон нь буруу. Мөрдөн байцаалтын явцад саад учруулаагүй, таслан сэргийлэх арга хэмжээг дөрвөн сарын хугацаанд зөрчөөгүй байхад цагдан хорьж байгаа нь хууль зөрчиж байна. Энэ асуудлаар бид Ерөнхий шүүгчид хандана. Хоёрдугаарт, долоодугаар сарын 30-ны өдрийн 2.20 цагт би үйлчлүүлэгчтэйгээ уулзах гэж Төв аймгийн цагдан хориход очсон. Гэвч биднийг уулзуулаагүй. Хуульзүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээг маань хуурамч гэх утгатай зүйл ярьж, дахин дахин үзсэн. Тэгээд уулзуулах боломжгүй, АТГ-аас зөвшөөрөл авах ёстой юм байна гэсэн хариултыг өгсөн. Энэ үйлдэл нь яллагдагч, өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн. АТГ-ын байцаагч заавар өгч, хөндлөнгөөс нөлөөлсөн. Төрийн албан хаагч хүний эрх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна.
ө
Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж: Би Л.Гансүхтэй уулзсан. Л.Гансүх "Энэ бол Засгийн газрыг унагаах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн захиалга. АТГ Засгийн газрыг унагаахын төлөө ажиллаж байна. Би энэ зүй бус үйлдэлтэй хатуу тэмцэнэ. АТГ-ын байцаагч, прокурор, шүүхтэй тэмцэнэ" гэдгээ дамжуулсан. Л.Гансүх бол төсвийг захиран зарцуулагч биш. Төсөв зарцуулах шийдвэрийг Л.Гансүх биш Засгийн газар гаргадаг. Гэтэл АТГ-аас 3.6 тэрбум төгрөгийг завшсан гэж мэдээлсэн. Хэргийн материалыг задруулахгүй байх хуультай. АТГ хэн нэгнийг шалгахаасаа өмнө авлигачин, гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, нийгэм даяар ялладаг. АТГ гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад яллахын төлөө ажиллаж байна. Нэг тонн нь 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг "Нүүрс" хөтөлбөрийн хүрээнд 80 мянган төгрөг болгож, нийслэлчүүдэд хүргэсэн. "Нүүрс" хөтөлбөр зогсч, нүүрс үнэд хүрвэл буруутан нь АТГ.
ө
Мөнгөнтуяагийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу: Л.Гансүхийг Цагдан хорьсон үндэслэл буруу. Оргон зайлахаас урьдчилан сэргийлэх үүднээс цагдан хорьсон гэх захирамж гарсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын 28-нд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байхдаа цагдан хорихгүй яасан юм. Дөрвөн сарын хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй байхад таамаг төдий үндэслэлээр цагдан хорьсон. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл нь анхаараач ээ. Ямар ч үндэслэлгүйгээр хорьж байгааг нь улс төрийн зорилго, ямар нэг нөлөөлөл байна гэсэн хардлага төрж байна. Нягтлан Мөнгөнтуяаг тэдэнтэй бүлэглэсэн хэмээн хорьсон. Дөрвөн сар хорьж байна шүү дээ.
Энэ бол өмгөөлөгчдийн өгсөн мэдээлэл. Мөн тэд өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ уулзахдаа хэн нэгнээс зөвшөөрөл авдаггүй. Гэтэл Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга хуулийг ноцтой зөрчсөн. Тиймээс ШШГЕГ-ын даргад гомдол гаргаж, түүнд хариуцлага тооцуулахаа мэдэгдсэн юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ