Ёнпен арал болон хилийн бусад бүс нутгуудад Монгол иргэдийг ажиллуулахгүй

img

Хоёр Солонгосын асуудалтай холбоотойгоор БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэддээ өмнөхөөсөө илүүтэй санаа тавих шаардлага бий болоод байгаа юм.  Тэр дундаа хилийн бүсийн ойролцоох газруудад ажиллаж байгаа иргэдэд ямар нэг байдлаар  аюул учрахгүй гэх баталгаа байхгүй. Тухайлбал, Ёнпен тосгон  Хойд Солонгосын талын 200 удаагийн их бууны цохилтын бай болсон яг тэр цаг үед манай  улсын иргэд  н.Улаанбаатар, н.Зоригтбаатар нар тус тосгоноос ганцхан километрийн зайтай газарт ажлаа хийж байсан байдаг.

н.Улаанбаатар, н.Зоригтбаатар нар нь ГАХИТ-өөр зуучлуулан очиж ажиллаж байсан иргэд  юм.  Хэдийгээр манай иргэд эрүүл мэндийн хувьд  шууд хохирол үзээгүй ч, хүний нутагт амьдрахын эрхээр ажил хийж байгаа тэдэнд сэтгэл санааны хувьд хүнд туссан нь аргагүй юм. Гэхдээ тэднийг   хилийн бүсээс холдож Сөүлд ирээд байгааг бид мэдээлсэн билээ.

Тэрчлэн БНСУ-ын Хойд Солонгостой хиллэдэг  маргаантай бүсүүдэд ажиллаж, амьдрах нь одоогоор хамгийн их эрсдэлийг дагуулж мэдэхээр байгаа юм. Тиймээс манай улсаас гэрээний дагуу  очиж  байгаа иргэдийг  хилийн бүсэд ажиллуулахгүй гэсэн шийдвэрийг Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс гаргасан байна. Тус төвөөс “Солонгосын хилийн маргаантай байдаг Ёнпен зэрэг арлууд болон хилийн бүс нутагт гэрээт ажилчдыг ажил эрхлэхийг хориглох шийдвэр гаргасан”  гэж байна.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ