Г.Бадамрагчаа: Д.Цогтбаатар “чи энэ хэргийг хүлээ” гэж тулгаж байсан
Кино найруулагч Г.Бадамрагчааг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 82.1 буюу “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан” хэрэгт сэжиглэн гурван сарын хугацаанд Ганц худагт хорьсон. Г.Бадамрагчаа нарын гурван хүн холбогдох хэргийг өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцээд, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.
Тэгвэл сүүлийн өдрүүдэд найруулагч Г.Бадамрагчаа, кино зохиолч, судлаач н.Цэнгэл, кино продюссер н.Батболд нарыг ТЕГ-т шалгагдаж байх үед тус газрын Сөрөг тагнуулын газрын дарга байсан хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийн тухай мэдээлэл олон нийтэд хүрч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор найруулагч Г.Бадамрагчаа өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Хэвлэлийн хурлын үеэр түүнээс зарим зүйлийг тодруулав.
х
-ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг Г.Бадамрагчаа нарын гаргасан гомдлын дагуу шалгаж байгаа гэж АТГ-аас мэдээлсэн. Тус газарт ямар утгатай гомдол гаргасан юм бэ?
-Биднийг холбогдуулан шалгаж байсан хэрэг өнгөрөгч хоёрдугаар сард цагаадсан. Гэхдээ бидний хувьд энэ хэрэгт холбогдуулан шалгасан, “Ганц худаг”-т гурван сар хоригдсон зэргээр бүтэн хоёр жилийн ажил, амьдралаараа хохирсон. Тиймээс өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд Улсын Ерөнхий прокурор, АТГ болон ТЕГ-т “Энэ хэрэгт хэн буруутай байсан. Хэн намайг гүтгэсэн юм бэ” гэдгийг олж тогтоогоод өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Надад УЕПГ-аас харьяаллын дагуу нийслэлийн Прокурорт шилжүүлсэн гэдэг хариу ирсэн. АТГ-аас нэг удаа дуудаж, хэдэн юм асуусан. Энэ асуудал ингэж байгаад дарагдчихвий гэж бодож байна. Мөн хамгийн гол асуудал нь хөдөө, гадаа уран бүтээлээ хийж яваад ирэхэд “Цогтбаатар гэдэг нөхөр зөвхөн энэ хэрэгт холбоотойгоор шалгагдаж байгаа мэт мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарчихсан. Намайг хүн хэлмэгдүүллээ гээд жинхэнэ хүн хэлмэгдүүлээд, хүний амьдралаар тоглосон хүнийг өмөөрчихсөн” мэдээллүүд цацагдаж байна. Ер нь хүнийг хэлмэгдүүлсэн хүмүүс л хариуцлага хүлээх хэрэгтэй биз дээ.
х
-Та Д.Цогтбаатар хурандааг ер нь мэдэх үү?
-Д.Цогтбаатар гэдэг хүнийг би танихгүй. Анх намайг барьж хориход “Сөрөг тагнуулын газрын дарга Д.Цогтбаатар байна. Чи энэ хэргийг хүлээ. Тэр н.Цэнгэлийг гэрчилж өг” гээд баахан тулгаж байсан. Миний гаргасан гэм буруутай хүнийг тогтоож өгөөч гэсэн өргөдлийн дагуу АТГ-аас энэ хүнийг барьсан байх гэж ойлгож байгаа. Би АТГ-д өгсөн мэдүүлэгтээ болсон бүх процессын тухай ярьсан. Ер нь энэ хэргийг хурдан илрүүлэхгүй бол эргээд миний нэр хүндэд халдаад эхэллээ. Би нэг гэмгүй хүнийг бариулчихсан юм шиг хандаж эхэлж байна.
р
-Та болсон үйл явдлын талаар нийтэд мэдээлж болдоггүй юм уу?
-Би “Ганц худаг”-т гурван сар хоригдоод гарч ирсэнийхээ дараа хэвлэл мэдээллийнхэнд хандах гэсэн. Гэтэл хавтаст хэрэг дээр “маш нууц” гэсэн тамга дарчихсан байсан учир миний өмгөөлөгч энэ хэргийн асуудлыг хэвлэл мэдээллийнхэнд задлах юм бол чамайг улсын нууц задруулсан хэргээр дахин буцааж барьж магадгүй. Тиймээс хэргийн дотоод асуудлыг нийтэд задалж болохгүй гэсэн. Би одоог хүртэл өмгөөлөгчийнхөө зөвлөгөөг дагаж байгаа. Намайг цагаатгах тогтоол нь хүртэл “маш нууц” гэсэн тамгатай байсан.
р
Харин энэ хэргийн тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан кино найруулагч Г.Бадамрагчаа болон Н.Батболд, н.Цэнгэл нарт холбогдох хэрэг шүүхийн шатанд очоод, энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр цагаатгагдсан. Гэтэл Г.Бадамрагчаа, н.Цэнгэл нар АТГ болон УЕПГ-т хандаж “Үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан шалгасан. Шүүхээр гэм буруугүй нь тогтоогдсон ч уг хэрэгт биднийг холбогдуулан шалгахдаа хүч хэрэглэн, дарамталж, хууль бусаар шалгасан. Иймээс энэ хэргийг шалгаж байсан хүмүүс, холбогдох албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж өгөөч” гэсэн гомдол гаргасан. Энэ дагуу Д.Цогтбаатарыг шалгаж байгаа гэж мэдээлж байсан билээ.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ