
Өдрийн 14 цаг. Жиндүүхэн өвлийн энэ өдөр хацар хайрч, гар дахь бээлийгээ авмагц хөлдөх шахам бээрэх бөгөөд дулаан хаврын улирлыг мөрөөдөн явах зуур хүрэх газраа ирсэн байв. Учир нь саяхан автомашины онцгой албан татварыг “нэмсэн”-ий дагуу байдлыг газар дээр нь очиж сурвалжлахаар “Да хүрээ” захыг зорьсон минь энэ. Энд автомашинд хамааралтай бүх л зүйл нэг дор төвлөрсөн аж. Улсын хэмжээнд ганц автомашины зах “маань” учир арга байж уу.
“Да хүрээ” зах дээр машин авахаар сонирхож буй хүмүүс цөөн тооны байх бөгөөд улирлын сезон нь бас шалтгаалдаг бололтой. Урин дулааны цагт бол дайрах шахам зөрж өнгөрдөг хүмүүсийн бөөгнөрлийг хоёр жилийн өмнө энд ирж байхдаа мэдэрснээ санав. Машины ченжүүд ч үзэмжээрээ ялгарахын тулд зарж буй машинаа зүлгэж, цасыг нь унагаж, сайхан өнгө зүстэй болгоод зогсох аж.
Хамгийн эхэнд сонирхсон машиныг 2002 онд үйлдвэрлээд сая орж ирсэн хоёр с.с мотортой бөгөөд Пит /Fit/ маркийнх гээд 7,5 саяас яриад өгнө хэмээн ченж Б.Нямсүрэн хэлж байлаа. Түүний хажуухан талд нь Toyota “Prius -10” маркийн автомашиныг өнгөрсөн жил 6,3 саяар зарж байсан гэх бол одоо 7 сая 600 мянган төгрөгөөр худалдаалж байв. Тэрбээр мөн автомашины он “саяхан” байх тусмаа илүү гүйлгээтэй бөгөөд давуу тал нь болж өгдөг юм гэв. Энд 1998-2005 онд үйлдвэрлэгдсэн машинууд байх бөгөөд он залуу машин оруулж ирэхэд татварын мөнгө нь өндөр, ашиг багатай учраас ченжүүд ч гэсэн ашгаа бодож хямд, зардал багатайгаар нь хуучин машинууд оруулж ирдэг болсон гэнэ. Өнгөрсөн жилийн өдийд гэхэд 2002 оны машинууд он залууд тооцогдож байсан бол энэ жил 2005 оноос хойшхи “нөхөд” түрэн орж иржээ.
Мөн 2005 онд үйлдвэрлэгдсэн, хил давуулж ирээд нэг хонож байгаа Pruis-20 маркийн машин 12,8 сая төгрөг байх бөгөөд энэхүү машиныг сонирхож яваа нэгэн 40 орчим насны эрэгтэй “Таван сарын өмнө энэ машин 11,3 саятай байсан юм. Одоо харин багагүй нэмэгдсэн байна даа” гэж хэллээ.
Учир нь “Prius” хамгийн борлуулалт өндөртэй машинд тооцогдоно. Хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуун хоёуланг нь хэрэглэдэг, шатахуун бага иддэг гээд санхүүгийн хувьд ч хэмнэлттэй учраас ийнхүү эрэлттэй байдаг гэнэ . Харин арай зузаан түрийвчтэй нь унах Land Rover маркийн машины хувьд 22 сая төгрөгийн үнэ ханштай байв.
Сүүлийн жилүүдэд Нийслэлийн автотээврийн хэрэгслийн тоо эрс олширч, түүнээс ялгарах хорт утаа нь байгаль орчинд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа билээ. Нөгөөтэйгүүр манай улсын хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Иргэд өнгөрсөн 2010 оны байдлаар нийт 24633.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж байсан бол энэ оны эхний 8 сарын байдлаар 31341.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 2.2 дахин нэмэгдсэн байна. Хотын төвөөр замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийн 30 орчим хувийг 2500/см3/–ээс дээш хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай буюу том оврын /жийп/ тээврийн хэрэгсэл эзэлж байна. Иймд бий болсон нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулсан. Хуулийн төслийг боловсруулахдаа нийтэд нь хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа ихтэй буюу хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж өндөртэй, он “хөгшинтэй” авто тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлсэн юм. Хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх бөгөөд хуулийн төслийн нэгдүгээр зүйлд Онцгой татварын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгсэлд ногдуулах онцгой албан татварыг дараах байдлаар өөрчилсөн байна.

Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ