Монгол хүний үнэ цэн
Ингээд гарчиглахаар гэв гэнэт үндэсний ухамсар нь сэргэдэг ч юм уу Чингисийн супер ген, хөх толбот, тэнгэрээс заяатай гэхчлэнгээр бурж өгнө. Хүний сармагчин төрөл хомосапинесийн нөгөө төрөл болох неандерталь байгалийн шалгарлаар “чадхийгээд” хомосапинес нь өнөөгийн дэлхийг эзэгнээд байгаа нь тэнгэрээс лүндэгнэсэн зарлиг болж байна уу. Неандерталийн удам угсааг XX зууны эхэн үеэс Цасны хүн, Алмас нэрээр хайж эхэлсэн. Сураг байна уу гэхээс гэрчилж баталгаажуулсан нь үгүй. Хүн төрөлхтний өлгийг Африк, Төв Ази гэж хэлэлцдэг. Олдсон олдворыг тодорхойлсон цаг хугацаа хийгээд баримтанд түшиглэн эрдэмтэд хоёр талцаад олон жил маргаж байна. Африк дээр л тогтож байх шиг. Хар, цагаан, шар хамаагүй бид нэг л угшилтай. Гэтэл маниус гэнэтхэн тэнгэрээс буучихсан гэнэ. Харь гариг энэ тэрээс буучихсан бол лав л хоёр толгой, хөлтэй хохимой толгойтой баймаар юм. Гэтэл монголчууд аанай л хүн төрлөхтөнтэйгөө “нэн адилхан”.
5
За тэр хөх толбын тухай гэвэл 20-оод мянган жилийн өмнө бий болсон генийн өөрчлөлт юм гэнэ лээ. Зүүн хойд Азийн олон ард түмэнд бий. Тэр байтугай Африкийн харуудын тодорхой хувь нь ийм хөх толботой гардаг юм. Туйлшралын үндэс ердөө л энэ. Угаас тэнгэр заяат төрсөн, бүхнээс давуу, бүхнээс ухаантай хэрнээ чадал дорой муутай бүхний техник технологид шүтэн бишрэнэ. Тэрийгээ бас цайруулна аа. Тэнгэрээс заяат болохоор бүхэн бөхөлзөх ёстой гэж сурталчилна. Үг бүхэн үйл бүхнээс ийм хандлага ажиглагдана.
5
Өөрснөө юу бүтээхгүй мөртлөө Чингисийн супер ген, цэвэр цус ярина. Халхын голын байлдааны үед өчнөөн шархдсан байлдагч орос цэргийн цусаар сэлбэгдээд хоромхон зуурт үс нь шарлаад, бие нь өндөрсөөд, нүд нь цэнхэр өнгөтэй болчихоогүй шүү дээ. Гений тухайд гэвэл монголчууд супер гентэй бусад нь байдаггүй гэдэг шиг худлаа зүйл байдаггүйг суперээ байя гэхэд ЕБС-ийн захын хүүхэд хэлээд өгнө дээ. Х, У хромсом, генийн өөрчлөлтийн тухай дэлгэрэнгүй лекцийг хэлээд өгнө. Супер ген гэж огтоос байхгүй, генийн өөрчлөлттэй хүн байвал тэр нь хүнээс гажууд нэгэн байх тухай биологийн аль ч сурах бичгээс харж болно.
5
Харин эх хүн төрөлхтөн оршин байгаа газар нутгаасаа шалтгаалаад угсаатан үндэстний хэв шинж бүрддэг юм билээ. Сурсаар ирсэн тэд газарзүйн янз бүрийн уур амьсгал, байршлаас шалтгаалаад амьдрах хэв маяг нь өөр өөр. Азийнхан цагаан будаа, загас жараахайгаа голчилж байхад Монголчууд азид багтах хэрнээ өөх тос ихтэй мах, үржил шимт цагаан идээгээрээ өл хоолоо залгуулна. Европчуудын удам угсаа болох финик, сармат, вандал, готууд /хүний түүхээр бол саяхныг хүртэл/ ой хөвчийн үр жимс ан агнуур, цөөвтөр мал аж ахуйн бүтээгдэхүүнээр аж төрж байлаа. Хойд тэнгисийн эргийнхэн загасны махаар голчилж байхад Африкийн Серенгент, Өмнөд Америкийн Амазонкийн ширэнгийнхэн өт хорхой төдийхнөөр хоолож байх жишээтэй.
6
Л.Гумилёвын бичсэнлэн “Дэлхийн түүхийг өрнөөс дорно, дорноос өрнө руу шилжүүлдэг ард түмэн гэж бий. Тэднийг хэт угсаатан гэх бөгөөд Монгол энэ алдар гавьяаны эзэд гээд газарзүйн байршлын хувьд газар нутаг нь төдий л үржил шимтэй бус нүүдэллэн амьдрагсад энэ үүргийг хүний түүхэнд биелүүлсээр ирсэн” гэжээ. Монгол хүний үнэ цэнийг мэдэхийн тулд энэ үндэстний туулсан амьдралын үнэ цэнийг алдаа оноотойгоор шүүн тунгаах нь зүйтэй. Хөнжилдөө ч хүртэл хөлөө жийлцдэг, хөвч асаагаад ажиггүй эцгийгээ харвачихдаг, хэн нэгний нөмөр бараадаад төрсөн голомтоо самарчихдаг, бусдын үгээр төрөө самууруулж дөнгөдөг, эх орны төлөөх тулаанд уушигныхаа гурван судсыг чинэртэл хашгираад өндийн босч чаддаг тийм л саарал өнгөнөөс Монгол хүний үнэ цэн илүү ханхалдаг. Нэмэх 50-аас хасах 50 хэмийн халуун хүйтний дор эр бие жагссан, үр тариа тариад ч ургадаггүй нимгэн хар хөрстэй, хэдэн малаа дөрвөн цагийн эргэлтэнд адгуулж байгалийн учир явдлыг таньсан Монгол хүний үнэ цэн ямар байдаг бол. Дэлхий хавтгайрсан энэ цаг үед нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлсээр байх 200 мянган малчин, хотжин иргэншсэн хагас нүүдэлчин 2 сая монголчуудын үнэ цэн юу байх бол. Хэзээ ч нэгнийхээ дор орохгүй хэрнээ хэзээд ч найрамдаж чаддаг басхүү урван салж оддог монгол хүний үнэ цэн ямар байгаа бол. Ганц нэгээрээ салаад явахаар хүний нутаг гүний хошууг гайхшруулаад байдгийн учир шалтгаан юу бол. Монгол хүний үнэ цэн ямар байх бол гэдгийн цаад талд Монгол хүний зан суртахууны учир шалтгааныг судлаж гэмээн Монгол мөрөөдлийг бий болгож чадах юм шиг бодогдох юм. Ямартай ч манайхны өөрийгөө дөвийлгөдөг нь Монгол хүний үнэ цэнэ яав ч биш.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ