Машин унах эрхээ хотын даргаас авах уу
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх нэгэн тогтоолын төсөл олны анхаарлыг татаж байна. Тэр нь Улаанбаатар хотын түгжрэлтэй хэсэгт хязгаарлалт тогтоох тухай. Уг тогтоолын төсөлд "Баруун 4 замаас бөхийн өргөөний уулзвар хүртэл, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунелийн баруун уулзвар хүртэл, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх замуудыг" түгжрэлтэй бүсийн хязгаар болгон тогтоохоор тусгажээ. Товчхондоо бол хотын төв хэсэг. Харин энэ хэсгээр явахын тулд жижиг тэрэгтэй жолооч сарын 50 000, ачааны машинтай бол 40 000 төгрөгийн хураамж төлөх ёстой. Сарын 40 000-50 000 төгрөгийн хураамж төлсөн тохиолдолд хүссэн цагтаа хотын төвөөр явж болно. Харин төлөөгүй бол өглөөний 07.00-оос үдшийн 22.00 цагийн хооронд хотын төв рүү нэвтрэх эрхгүй.
ө
Ер нь бол хотын төвд амьдардаг иргэд сар бүр 50 000 төгрөгийн татвар төлнө гэсэн үг. Нэг жилд 600 мянган төгрөг төлж байж л хотын төвд амьдрах визээ авна. Машингүй маш бага хэсэгт л энэ хамааралгүй асуудал. Нийтийн тээвэр, шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобус, тусгай дуут дохиотой машин гэх мэт тээврийн хэрэгсэлд энэ журам үйлчлэхгүй гэнэ лээ.
Улаанбаатарыг 5-6 хэсэгт бүсчилж, хотын төв хэсгээр амьдрах иргэд тодорхой хэмжээний татвар төлөх тухай яригддаг байсан. Тэгвэл уг татварын өнгийг арай өөр болгон, автомашинтай иргэд хэмээн тодотгосон байхыг ч үгүйсгэх аргагүй боллоо. Ямар нь ч байсан нийслэлийн удирдлагууд машинтангуудад нэлээд халгаатай хандах бололтой. Дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулдаг болсон бол одоо татвар хураамж авч, машин унах эрх өгөх нь.
ө
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрийн танилцуулах энэ тогтоолын төсөлд хурлын Тэргүүлэгчид хэрхэн хандахаас Улаанбаатар хотын автомашинтай иргэдийн "хувь заяа" шийдэгдэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ