Хүн байтугай амьтан амьдрах боломжгүй байр Улиастайд байна
Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж хуульчилсан хэрнээ иргэд нь хаана яаж амьдарч байгааг анхаардаггүй улс төрчдөд зориулан энэ мэдээг бэлтгэлээ. Баянзүрх дүүргийн 10, 23-р хорооны дунд орхигдсон Улиастайн хуучин эцэст байрлах 108 айлын 10 байр нэртэй 2 давхар 9 байшин байна. Энд амьд хүн байтугай амьтан ч амьдрах нөхцөлгүй болжээ.
1957 оны орчимд цэргийн ангийн офицеруудын зориулалтаар байгуулагдсан энэ байрнууд цэргийн анги татан буугдсаны дараа хувьчлагджээ.
Хувьд шилжиж, тусдаа халаах уурын зуухтай, дотроо халуун хүйтэн устай, бие засах өрөөтэй байсан ч өнөөдөр гаднаа нийтийн бие засах газартай, усаа гүний худгаас зөөж, гэрийнхээ ханыг цоолон зуух пийшин тавьж арай ядан халаадаг болжээ.
Энд амьдарч байгаа иргэдийн 80 гаруй хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Олон нялх хүүхэдтэй өрхүүд, тэтгэвэрийн хөгшчүүл байдаг байна. Тогтсон орлогогүй иргэд орцныхоо шатыг хашлагатай нь авч түлсэн, тог цахилгаанаа хулгайгаар энд тэндээс татжээ. Хэтэрхий муудаж хөгширсөн байшингууд хана таазнаасаа нурж эхэлжээ.
Хэдэн жилийн өмнө 1 байр нь таазнаасаа цөмөрч, бүхлээр нь нураажээ. Айлууд ахуйн хог хаягдлаа байраа тойруулан хаяж, угаадсаа үүдээрээ гараад л цацчихдаг байна. Энэ нь хавар гэсч хүүхдүүдийн бие дээр яр, идээ бээртэй тууралт гарахад хүргэдэг байна.
Айлуудын хаясан хог 2 айлын хашааг дүүргэж, нийтийн бие засах газрууд нь дүүрч, орц гудамжиндаа бие засдаг байжээ.
Улиастай нь Баянзүрх дүүргийн 23 болон 10-р хороонд хуваагдаж харьяалагддаг байна. Гэтэл эдгээр байрнууд 10 ч биш 23-р хороонд ч харьяалагдалгүй орхигджээ. Мэргэжлийн хяналтын газраас хэдэн жилийн өмнө хүмүүс ирээд хүн амьдарч болно гэсэн дүгнэлт гаргажээ.
Энэ байрны оршин суугчдад туслахаар “Ирээдүйн гарц” гэсэн төрийн бус байгууллагаас бүлэглэл үүсгэж байр, орцоо цэвэрлэх ажлуудыг хийдэг байна.
Энэ төрийн бус байгууллагаас хур хогийг цэвэрлэж, одоо оршин суугчид нь тусгайлсан хашаанд хогоо ангилан хаядаг болжээ. Хэрвээ иргэд зөвшөөрч, идэвхитэй оролцвол хүн амьдрах ч аргагүй болсон эдгээр байшингуудыг нурааж, суурин дээр нь шинэ байшин барих боломж байгаа гэнэ.
Ц.Соёлмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ