Путиний хориг Монголын боломж
Орос барууны ертөнцөөс тусгаарлах болсноо өнгөрсөн долоон хоногт зарласнаас хойш эдийн засгийн байдал тун эгзэгтэй болоод байна. Орос өөрөө ч барууны ертөнц ч эдийн засгийн шинэ хямралын өмнө ирлээ гэж мэдээлж байна. Европ багадаа 10 тэрбум ам.долларын хохирлыг бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамлын тос, масло, хатаасан болон давсалсан бүтээгдэхүүн, чихэр шоколад зэрэг хүнсний бүтээгдэхүүний экспортоосоо алдахаар боллоо. АНУ 843 сая ам.доллар, Норвеги 1 тэрбум 200 сая, Польш 800 сая, Канад 373 сая, Австрали 682 сая, Франц 752 сая ам.долларын хохирол амсах тооцоог оросууд омог бардам хийж байна. Дээр нь Балтийн гурван орон нэмэгдэнэ. Бүтээгдэхүүнийх нь 70 орчим хувь нь Оросын том зах зээл рүү нийлүүлэгдэж байдаг болохоор нөхцөл байдал тун хүндэрнэ. Европын холбоо Путинийг тоглоогүй гэдгийг шуудхан хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ ийм эдийн засгийн гэнэтийн цахилгаан дайн хийнэ гэж хэн ч тооцоолоогүй нь барууны ертөнцийг эгзэгтэй байдлын ирмэг дээр аваачжээ.
6
Хоригийн хохирол зөвхөн барууны ертөнцөд үйлчлэхгүй бумаринг эргээд Оросыг ниргэх магдалал өндөртэй. Импортоос болж хохирох өөрийнхөө хохирлын хэмжээг тэд мэдээлэхгүй байгаа. Үйлдвэрлэл хөгжиж, ажилгүйдлийн тоо хэмжээ буурах хэдий ч олон сөрөг дагаврыг энэ оронд үзүүлж таарна. Ерөнхийлөгчийн дайсан гэгддэг М.Ходорковскийн хэлснээр “Орос орон В.Путиний өглөө ямар хөл дээрээ боссоноос хувь заяа нь шалтгаалдаг болоод удаж болно. Орос орон хэзээ ч өлсөхгүй гэхдээ барууны ертөнцөөс үүд хаалгаа барьснаар өөрснөө л социализм руугаа эргээд орно. 100 мянган ажлын байр шинээр бий болж, үйлдвэрлэл 281 тэрбум рублиэр өсөөд яах юм бэ. Ихэнх нь төрийн машиныг удирдаж байгаа хүмүүсийн халаасанд орно” гэж хэвлэлд ярилцлага өгсөн нь анхаарал татаж байна.
6
Орос төмөр хөшгөө дахиад л татлаа. Барууны ертөнцтэй байнга шөргөөлдсөөр ирсэн Латин Америкийн орнууд Оросын том түнш байх нь. Гэвч тэд Оросын дутагдсан бүтээгдэхүүнийг хангачих үйлдвэрлэгчид биш. Тэгээд ч газар хол. Европын Холбооны нөлөөллийн бүсээр дамжин өнгөрөх тул эргээд гааль, тээвэрлэлтийн өндөрт татвар төлөх хариу арга хэмжээнд орно. Эдийн засгийг нь сүйрүүлэхээр заналхийлээд эхэлсэн болохоор нөлөөллийн бүстээ Орос руу нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй байхаар ч шийдэж болно. Оросын дараагийн найдлага дорно зүгт бий. Мэдээж өмнөд Солонгос, Япончууд барууны талд тууштай зогсох болохоор тэдэнд найдалтгүй. Харин Хятадууд бол ухаалаг зальжин ард түмэн. Хэн нэгнийх нь талд хэзээ ч 100 хувь зогсохгүй. Хэдийгээр Орос том зах ч түүнээс том зах зээл нь барууны ертөнц. Оростой сүжирхвэл хариу худалдааны хоригт орж магадгүй гэдгээ сайн мэднэ. Оросын хамгийн их алдаж болох зүйл бол өндөр технологи. Түр зуурын Оросын хоригт эдийн засаг нь эвгүйцэх ч технологийн дэвшлийнхээ төлөөсөөр өлхөн гатлаад гарчихна. Тэдэнд ийм боломж бий. Дэлхийд технологиороо чухам тэд л тэргүүлж байгаа шүү дээ. Орос орон трактораар газраа хагалж тариагаа тарьж байгаа бол барууныхан нано технологиор ногоогоо тарьж хураан авч байна.
6
“Үүнээс хойш технологийн ололттой бүхэн орост хаалттай байх болно. Цахим ертөнцийн гайхамшиг ч тэдэнд хүртээлгүй болно. Орос хөмөрсөн тогоон дотроо төмсөө чанаж идэнгээ Ерөнхийлөгчийнхөө хэчнээн аугаа болохыг бишрэн хэлэлцэж сууна” гэж хэвлэлүүд онцлон бичиж байна. Үнэний хувь ч бий байх шүү.
6
Харин Монголд ямар боломж энэ хоригоос олдох бол гэдэг асуудал чухал. Орос хоригт ороогүй улс орнуудтай идэвхтэй хамтын ажиллагаагаа өрнүүлэх нь лав. Ихэнхдээ найр тавьсан гэрээ хэлэлцээрүүд хийгдэнэ. Тэгээд ч ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах онцгой үед гадаад орчинд ийм нөхцөл байдал үүссэн нь Монголд ашигтайгаар эргэх магдалал маш өндөр. Түлш шатахуун, эрчим хүчний импортоос хожоо гаргах нь чухал. Олон жил яригдаад байсан хийн хоолойн асуудал дээр ч эерэг байр суурь баримтлах болов уу. Дорно руу гараагаа сунгахаар шийдсэн Оросын гадаад бодлого дээр дөрөөлөөд өөрийгөө сайн ойлгуулах ёстой. Хоёр улсын хувь нийлүүлсэн Эрдэнэт, Улаанбаатар төмөр зам зэрэг олон арван үйлдвэр аж ахуйн нэгжүүдээ харилцан ашигтайгаар цаашид яаж хөгжүүлэх тал дээр тохиролцоонд хүрч болно. Орос зөөлөн чихтэй болсон. ОХУ-ын гаалийн болон худалдааны татвар хэт хатууг хүн бүхэн л мэднэ. Орос руу бараа гаргах болоход хил дээр гардаг бүх асуудлыг тэнд нь биш, ОХУ-ын Холбооны гаалийн газраас чиглэл авсны дараа шийддэг нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд ямагт гай болсоор ирсэн. ОХУ руу бараа бүтээгдэхүүн экспортлоход 28-45 хувийн татвар төлдөг нь Оросын том зах зээл рүү өнгийхөд хаалт болсоор удлаа. Орос нь гэдийгээд Монгол нь гуйгаад бүтдэггүй асуудлыг өнөөдөр өөрөөр шийдэж болох бололцоо бүрдлээ.
7
Бид махны экспортоос 50 орчим сая ам долларыг олон улсын махны зах зээлийн худалдаанаас олдог. Үүний 90 орчим хувийг ОХУ эзлэдэг. Гаалийн болон худалдааны өндөр босгыг давахын сацуу эрүүл ахуйн шаардлагын өч төчнөөн хяналт шалгалтыг давж гэмээн нийлүүлдэг. Голцуу үхэр, адууны мах. Хэрэвзээ тэдний хатуурхал намжвал мах бэлтгэх үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 100 орчим сая ам.доллароор өсгөж болно. Ийм сонирхол тэдэнд бий. Махан махан бүтээгдэхүүний экспортыг хагадаг голлох орон болох Австрали тэдний хоригт багтсан болохоор хамгийн ойр дөт нийлүүлэгч нь Монгол юм. Тиймээс алтан боломжийг алдамгүй байна. Сүүлийн мэдээгээр Москвад хоригоос шалтгаалаад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өндөрсч байгаагийн дотор махны үнэ 20-30 хувиар өссөн аж. Энэ цоорхойн өчүүхэн бага хэсгийг 50 сая малтай Монгол нөхвөл эдийн засагт чухал амин тариа болно. Путиний хориг хэдий хугацаанд ч үргэлжилж болно. Нэг сар тэр ч бүү хэл хэдэн жилээр ч үргэлжлэх юм бил үү. Гол нь бид богино хугацаанд дотоодынхоо хэрүүлийг зогсоогоод дорвиотойхон алхам хиймээр байгаа юм. УИХ амарч байхаар ээлжит бус чуулганаа зарлаж Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын үр дүнг хэлэлцэнгээ энэ асуудлаар цогц шийд гаргавал хожоо бидний талд байх болно.
6
Гадаад ертөнцийн нөхцөл байдалтай уялдуулан Монголын төр эдийн засгаа сэргээх боломж бүрдээд байна. Эртнээс нөөцлөсөн хүү байдаг юм бол одоо бэрс гаргах цаг нь иржээ.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ