Н.Гончиг: ЭХ-ний дэд сайд Д.Доржпүрэв аймгийн Засаг даргыг удирдаж байна
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгчид удаа дараа хууль зөрчсөн сумын Засаг дарга Б.Ариунболдыг АТГ-т шалгуулахаар өгсөн байна. Уг гомдлыг АТГ-аас шалгаж үзээд тус сумын Засаг даргад хуулийн дагуу зохих арга хэмжээг авахыг Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатад үүрэг болгожээ. Гэтэл аймгийн Засаг дарга энэ асуудлыг шийдвэрлэх дорвитой шийдвэр гаргахгүй удааж буй нь тус сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн бухимдлыг төрүүлж аж. Энэ тухай Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Гончиг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Хурлын үеэр түүнээс зарим зүйлийг тодруулав.
а
-Баян-Өнжүүл сумын Засаг дарга Б.Ариунболдыг ажлаас нь чөлөөлүүлэх гээд байгаа шалтгаан?
-Засаг дарга Б.Ариунболд чиг үүргээсээ гажуудсан хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан болохоор сумын иргэдийн төлөөлөл болсон бид түүнийг огцруулсан. Гэтэл уг шийдвэрийг аймгийн Засаг дарга хүлээн авахаас татгалзсан. Бид АТГ-аас шалгаж, хууль бус үйлдлийг нь тогтоосон албан бичгийг хүлээн аваад дахин ИТХ хуралдаж, дахин огцруулах тухай бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Тэгсэн аймгийн Засаг дарга Б.Ариунболдыг дуудаж аваачаад, амралтыг нь өгөөд явуулчихсан. Одоо Баян-Өнжүүл сумын Засаг захиргаа эзгүйрээд байна. Засаг даргын орлогч нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байгаа юм.
а
-Аймгийн Засаг дарга ямар шалтгаанаар та нарын шийдвэрийг хүлээн авахгүй байгаа юм бол?
-Үүний гол шалтгаан нь хуулиар тогтоосон эрх мэдэлтэй нэгэн аймгийн Засаг даргыг аймгийн намын дарга удирдаж байгаад байгаа юм. Төв аймгийн Ардчилсан намын дарга, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв аймгийн намын хорооны нийт гишүүдийн өмнө аймгийн Засаг дарга Д.Баярбатад, Баян-Өнжүүл сумын Засаг дарга Б.Ариунболдыг огцруулах хүсэлтийг хүлээн авч болохгүй гэж хэлсэн. Би өөрөө аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн хүн. Аймгийн намын даргаар дарамтлуулсан Засаг дарга сумын 2000 гаруй иргэдийн төлөөлөл болсон ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
а
-АТГ-т хандаж сумын Засаг даргаа шалгуулсан гэлээ.
-Тийм. АТГ-аас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь тогтоосон. Жишээлбэл, сумын Засаг дарга Б.Ариунболдын 2013, 2014 оны эхний таван сарын санхүүгийн үйл ажиллагааг шалгахад Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.3 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Мөн 2013 онд сумын 40 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэхтэй холбогдуулж “Мега майнез” ХХК-иас гурван сая төгрөг, “Эрдэнэжаст” ХХК-иас гурван сая төгрөг, ХААН банкнаас 300 мянган төгрөг буюу нийт зургаан сая 300 мянган төгрөгийн хандивыг Орон нутгийн хөгжлийн сангийн дансаар хүлээн авч зарцуулсан. Энэ нь Засгийн газрын 2012 оны 109 дүгээр тогтоолын 1-т заасныг, Төсвийн байгууллагын тухай хуулийн 25.2.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1, 17.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэдгийг нь мөн АТГ-аас тогтоосон.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ