Нөөц ашигласны төлбөрийг 15 хувиар тооцож авахыг үүрэгдлээ

img

Жилийн өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг буцааж, энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажилласан. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаар ахлуулсан энэ ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, шинэ оны өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсаны дагуу нөөц ашигласны татварыг 15 хувиар бодож Оюутолгойгоос авах үүргийг Засгийн газарт өглөө.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь байсныг арван хувиар нэмж, 15 хувь болгож УИХ-аар баталсан. Гэвч энэ татвар нь Оюутолгойн ордод хамаарахгүй зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт хамаарч байгаа юм.

Тиймээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 15 хувийн татварыг хөрөнгө оруулалтын гэрээ болон тогтвортой байдлын гэрээ байгуулсан компаниудад ногдуулъя, энэ чиглэлээр Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийхийг үүрэг болгожээ.

Энэ үүргийн дагуу ажил хийгдвэл “Цайрт минерал”, “Тавантолгой”, “Чинхуа мак”, “Бороо гоулд”, “Оюутолгой” гэсэн 5 компани нөөц ашигласны төлбөрийг 15 хувиар тооцож төлөх боломжтой болох юм.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь 2009 оны арванхоёрдугаар сард Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг авч хэлэлцээд буцаасан. Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлд хөрөнгө оруулагчдын нөөц ашигласны төлбөрийн хоёр хувийг Монголын талын цэвэр ашгаас тооцож авахаар тооцсон байсан. Үүнийг нь болиулжээ.

Мөн Оюутолгойн орд дахь 45 сая тонн зэсийн 19 сая тонн зэсийг ашиглах боломжтой, үлдсэн нь эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн байсан. Уг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 45 сая тонн зэсийг ашиглана гэж орж ирсэн хэрнээ Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлд 19 сая тонн гэж буурсаныг 31 сая тоннд хүргэжээ.

Ингэснээр Оюутолгойн зэсийн нөөцийн 68.9 хувь нь үр ашигтай нөөц болж байгаа юм. УИХ-ын ажлын хэсгээс ОТ-н ТЭЗҮ-д оруулсан гурав дахь өөрчлөлт нь “Айвенхоу майнз” компани нь усны нөөцийг эхний таван жилээр тодорхойлсон байсан, үүнийг цааш улам ахиулж, баталгаажуул гэсэн байна.

Оюутолгойн ТЭЗҮ-д оруулсан өөрчлөлтүүдийн дагуу засгийн газарт тодорхой үүрэг өгсөн. Харин өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаан болж Оюутолгой төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо.

Мөн Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийн нөөц ашиглалтын татвар ногдуулах талаар зөвшөөрүүлэхийг санал болгожээ.

Ц.Соёлмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ