Тангараг өргөсөн эр цэргийн зүрхэнд эх орон багтдаг
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн албанд татагдан ирсэн дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд боллоо.
6
Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүд “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэг эзэмшин шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт тэнцэж, улмаар “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтанд хамрагдсан билээ. Хэдий бага хугацаанд ч эр цэргийн эрдэмд боловсорч, хатуужсан, гялалзсан хар бакаль, цэрэг ногоон өмсгөлөөр жигдэрсэн 418 оюутан цэрэг Байлдааны жанжин тугандаа өвдөг сөгдөн хүндэтгэл үзүүлэн, эр цэргийн тангараг өргөж, Монгол Улсын төлөө зүтгэхээ андгайллаа. Ийнхүү эх орноо батлан хамгаалах чадвартай иргэн мөн тоогоор нэмэгдлээ.
5
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцсон “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хөтөлбөрийн анхдагчдад зориулан “Энэхүү тангараг өргөх ёслолоор та бүхний жинхэнэ цэрэг болох үйл явц эхэлж байгаа. Цаашид та бүхэн дуудсан цагт бэлэн байж, тавигдаж байгаа шаардлага, шалгуурын биелүүлж байснаар жинхэнэ цэргийн албанд хаасанд тооцогдоно. Цэргийн тангараг өргөнө гэдэг бол зүгээр нэг ёслол биш, тангараг өргөсөн эр цэргийн зүрхэнд эх орон жинхэнэ ёсоороо багтдаг юм. Учир нь цэргийн тангараг эх орны үнэтэй, амины үнэтэй, түүнийг зөрчих, тангарагаасаа няцах эрх хэнд ч байхгүй. Би энэ үгийн тангараг өргөсөн цэрэг хүний хувьд хэлж байна. Эндээс та нар хүний амьдралд хэрэгтэй олон чухал чадваруудад суралцаж байгаа. Өмнө нь ээж, аавын хүү байсан бол одоо эх орны хүү болж байна. Энэ богинохон хугацаанд та бүхэн эх орон гэдэг хосгүй үнэт ойлголтыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн байх” хэмээн хэллээ. Мөн тэрбээр “Оюутан цэрэг” хөтөлбөрийг сайжруулан, өргөжүүлнэ гэдгийг ч дурьдсан.
6
Нийслэлийн есөн дүүргийн 42 их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд уг хөтөлбөрт хамрагдсан ба тэд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хоёр сарын турш “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг танхимаар үзэж судалсан. Харин зургаадугаар сарын 15-наас энэ сарын 15-ныг хүртэл мөн хоёр сарын хугацаанд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд хээрийн байрлалд 560 цагийн есөн төрлийн хичээлийг судалж, цэргийн үндсэн мэргэжил болох буудагч, тасгийн захирагчийн мэргэжлийг эзэмшиж байгаа юм.
6
Тангараг өргөсөн дайчдыг төлөөлөлж ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан “Оюутан цэрэг” сургалтын төвийн байлдагч Ч.Баярбилэг сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Оюутан цэрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бид бүхэн дөрвөн сарын хугацаанд цэргийн сургалт, бэлтгэлд хамрагдаад Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн иргэний цэргийн үүргээ биелүүлж, тангараг өргөсөндөө баяртай байна. Бид энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа цэргийн үндсэн мэргэжлүүдийг эзэмшээд зогсохгүй, бие бялдарын болон сэтгэлзүйн хүмүүжлийг олж авч, эх оронч үзлийг зүрх сэтгэлдээ гүн төлөвшүүлж чадсандаа бахархалтай байна. Энэ хөтөлбөрийг цаашид улам өргөжүүлэн, орон нутгийн их, дээд сургуулийн оюутан залуучуудад уг хөтөлбөрт хамрагдах боломжийг олгоход Төр засгаас шаардлагатай дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Энэхүү хөтөлбөрийг санаачлагч болон хэрэгжүүлэгчдэд баярлаж буйгаа оюутан цэргүүдийнхээ зүгээс илэрхийлж байна” гэж ярьсан.
6
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хааж буй 418 оюутнаас гадна Батлан хамгаалахын их сургуульд сурч буй 200 гаруй оюутан уг хөтөлбөрөөр хичээллэж, цэргийн алба хааж буй аж. “Харин ирэх жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг Цэргийн хэлтэс дээр бүртгэнэ. Оюутнуудыг дамжаа харгалзахгүйгээр I-IV дамжааны оюутнуудыг хамруулахаар төлөвлөж байгаа. Үүний тулд улсын төсөвт хөрөнгийг нь нэлээн сайн суулгаж өгөх хэрэгтэй байгаа юм. Энэ удаад төсөв хүрэлцээ багатай байсан. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох, төрийн албан хаагчийн шалгалтад шууд бүртгүүлэх, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гээд олон боломжийг олгож байгаа” гэж МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан онцолж байв.
6
Дөрвөн сарын хугацаанд армийн гэр бүлд нэгдэж, эр цэргийн амьдралаар амьдарч буй оюутан цэргүүдийн “халагдах цэргийн вальс” энэ сарын 15-нд эгшиглэнэ.
6



















СЭТГЭГДЭЛ БИЧИХ