Өмнөд бүсийг эрчим хүчээр хангана

img

Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд боллоо.

Тус гэрээ нь өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах цогц төлөвлөгөөг ажил хэрэг болгох, урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавих алхам болох бөгөөд  “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.  Энэхүү ажлын хүрээнд “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгоход шаардагдах “Оюу толгой” ХХК-ийн толгой компанийн дэмжлэг зэрэг бусад холбогдох асуудлуудыг зохицуулсан байна.

Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож,  Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, "Оюутолгой"  компанийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел нар гэрээнд гарын үсэг зурлаа.

 Эрчим хүчний сайд М.Сономпил “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлснээр дотоодын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Монгол ардын үгэнд “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэсэн байдаг. Үүнийг Оюутолгой, Тавантолгой цахилгаан станц зэрэг мега төсөлд хэрэгжүүлэх хэрэгтэй юм” гэв.

"Рио Тинто" компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь "Оюу толгой"-н хувьд томоохон дэвшил болж байна. Энэ нь Засгийн газар болон "Оюутолгой" компани нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо. Энэ удаад бид өмнөд бүсийг урт хугацааны, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахад хамтран ажиллах юм” гэж хэллээ.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ