“Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлнэ”
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын сэтгүүлчидтэй уулзаж, ярилцлага өгчээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол улсад төрийн айлчлал хийхийн өмнө хүрэлцэн ирсэн, Хятадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Renmin ribao” сонин,Шинхуа агентлаг, CCTV, Хятадын олон улсын радио, “China Daily”, “Guangming Daily”, “Economic Daily”, “Global Times”, “Reference News” сонины сэтгүүлчид багтжээ.
бө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Хятадын сэтгүүлчид “энэ айлчлалаар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх эсэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх болон томоохон хэрэгжих гэж буй төслүүд дээр хамтран ажиллах талаарх ямар байр суурь, Монголд хөрөнгө оруулахад итгэлийг хэр нэмэгдүүлэх гэх зэргээр сонирхсон асуулдаа хариулт авсан байна.
бө
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Монгол Улс нь БНХАУ-тай анхлан дипломат харилцаа тогтоосон, БНХАУ-тай хиллэж буй орнуудаас хамгийн урт хугацаанд дипломат харилцааны түүхтэй явж ирсэн цөөхөн орны нэг гэж хэлж болно. Монгол Улс БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааны түвшинд харилцаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө сүүлийн жилүүдэд ажиллаж ирсэн. Одоо БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр стратегийн түншлэлийн харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Стратегийн түншлэлийн харилцаа гэдгийг бид ойлгохдоо энэ харилцааны онцлог нь хоёр ард түмний язгуур эрх ашигт нийцсэн харилцаа гэж ойлгодог. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол энэ харилцааг агуулгын хувьд улам баяжуулж байна гэж ойлгож болно. Энэ чиглэлд би таван зүйл харж байгаа.
бө
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг утгыг авахад, нэгдүгээрт, харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлэх чиглэлд бид ажиллах нь ээ. Хоёрдугаарт, хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаа өргөжих нь ээ. Гуравт нь, дамжин өнгөрөх тээвэр болон дэд бүтцийн талаар ярьдаг асуудалд маш том ахиц дэвшил гарах нь ээ. Дөрөвт нь, олон талт хамтын ажиллагааны агуулга, хэлбэр улам баяжих нь ээ. Тавд нь, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтайгаар шинэ шатанд гарах нь ээ. Саяын хэлсэн энэ чиглэлүүдээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүдийг Си Зиньпин даргын айлчлалын үеэр байгуулна гэж итгэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
бө
Ийнхүү аялал жуулчлал, харилцаа хамтын ажиллагааны талаарх Хятадын сэтгүүлчдийн сонирхсон асуултанд Монгол Улсын төрийн тэргүүн дэлгэрэнгүй хариулсан байна.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ